Энх тайвны зөвлөлийн гишүүн орнууд 5 тэрбум доллар хандивлана

Энх тайвны зөвлөлийн гишүүн орнууд Пүрэв гаригт (2026.02.19) болох уулзалтын үеэр Газын зурвасыг сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж таван тэрбум ам.доллар хандивлахаа албан ёсоор зарлана гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв.Тэрбээр өчигдөр (2026.02.15) “Truth Social” платформд нийтлэхдээ, гишүүн орнууд Палестины бүс нутагт байрлах НҮБ-ын эрх бүхий тогтворжуулалтын хүчин болон орон нутгийн цагдаагийн газарт мянга мянган ажилтан илгээсэн гэж бичжээ. Мөн Энх тайвны зөвлөлийн анхны албан ёсны уулзалт өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн Дональд Ж.Трампын нэрэмжит Энхтайвны хүрээлэнд болно гэж онцлон тэмдэглэсэн байна.

АНУ-ын Төрийн департмент саяхан тус хүрээлэнг Трампын нэрээр нэрлэсэн бөгөөд анхны уулзалтад 20 гаруй орны төлөөлөгчид оролцох төлөвтэй байна.

Трампын засаг захиргаа Газын зурвас дахь Израиль болон Хамас хоорондын дайныг зогсоох төлөвлөгөөний нэг хэсэг болгон Энх тайвны зөвлөлийн байгуулсан. Үүнийг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолоор баталсан юм. Израиль болон Хамас өнгөрсөн жил гал зогсоох тохиролцоо хийсэн ч одоог хүртэл нэгнээ цохилт өгсөөр байна гэж буруутгаж буй.  Газын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, гал зогсоох хэлэлцээр эхэлснээс хойш тус нутаг дэвсгэрт 590 гаруй палестин хүн Израилийн цэргүүдийн гарт амиа алджээ. Израиль мөн хугацаанд дөрвөн цэрэг нь Палестины зэвсэгт бүлэглэлийн гарт амиа алдсан гэж мэдэгджээ. Турк, Египет, Саудын Араб, Катар, Израиль зэрэг Ойрхи Дорнодын улс орон болон Индонез зэрэг хөгжиж буй орнууд Энх тайвны зөвлөлд элссэн. Харин АНУ-ын уламжлалт барууны холбоотнууд уг зөвлөлийн үйл ажиллагаанд илүү болгоомжтой хандаж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн