Энэтхэгт “Nipah” вирусийн 5 тохиолдол илэрч, 100 хүн хөл хорионд байна

Тайландын Олон нийтийн эрүүл мэндийн яам Энэтхэгээс ирсэн жуулчдыг “Nipah” вирусийн шинжилгээнд хамруулж эхэллээ. Учир нь Энэтхэгийн Баруун Бенгал мужид тус вирусийн таван тохиолдол илэрч, 100 орчим хүн хөл хорионд ороод байна. Шинжилгээг Баруун Бенгалаас ирсэн зорчигчдод төвлөрөн “Suvarnabhumi”, “Don Mueang” нисэх буудлууд дээр хийж байгаа аж.

Мөн эрсдэлтэй бүсээс ирж буй зорчигчдод зориулан “Эрүүл мэндийн болгоомжлолын карт” гэх зүйлийг гаргажээ. Хэрвээ тухайн зорчигчид халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, хоолой өвдөх, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох, унтаарах, ухаан балартах шинж тэмдэг илэрсэн бол нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг тус картын дагуу зөвлөж байгаа юм. Ялангуяа 21 хоногийн өмнөөс сарьсан багваахай, өвдсөн амьтан, халдвартай хүнтэй харьцсан бол энэхүү зөвлөмжийг дагах шаардлагатай.

Тайландаас гадна Балба улс ч бас “Nipah” вирустэй хүн хил нэвтрэхээс сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн. Энэ хүрээнд “Tribhuvan” олон улсын нисэх буудал болон Энэтхэгтэй хиллэдэг томоохон боомтууд дээр эрүүл мэндийн шинжилгээ хийж эхэлжээ.

ДЭМБ “Nipah” вирусийг цар тахал болж дэгдэх магадлалтай эмгэг төрүүлэгч гэж ангилсан. Одоогоор тус вируст зориулсан эмчилгээ, вакцин гэж байхгүй. Мөн хүнээс хүнд халдварлахдаа заавал тодорхой шинж тэмдэг илрэхгүй ч байх магадлалтай. Зарим хүнд огт шинж тэмдэг илрэхгүй бол зарим хүнд амьсгалын замын цочмог халдвараас эхлээд үхлийн аюултай тархи нугасны үрэвсэл ч болох магадлалтай.

“Nipah” вирус нь Хенипавирусийн төрөл зүйл бөгөөд гол төлөв “Pteropus” төрөл зүйлийн жимсээр хооллодог сарьсан багваахайгаар дамждаг. Энэ нь жимсээр дамжин хүнд халдварлах эрсдэлтэй гэсэн үг юм. Өмнө нь “Nipah” вирус дэгдэж байхад нас баралтын түвшин 40-75 хувьтай байжээ.

ЭХ СУРВАЛЖ: GLOBAL TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн