Энэтхэгийн томоохон компаниуд гадаадын бизнесүүдийг урьд өмнөхөөс илүү ихээр худалдан авч байна. Тухайлбал, дөрөвдүгээр сард Энэтхэгийн эм үйлдвэрлэгч “Sun Pharmaceuticals” АНУ-д төвтэй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн “Organon & Co.” компанийг 11.75 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон. Энэ нь сүүлийн бараг 20 жилийн хугацаанд Энэтхэгийн компанийн хийсэн хамгийн том гадаад худалдан авалт болж байна. Энэ жилийн бусад томоохон хэлцлүүдэд мөн Энэтхэгийн “Tata Motors” Италийн ачааны машины үйлдвэрлэгч “Iveco” компанийг 4.4 тэрбум ам.доллараар худалдаж авсан. “Coforge” АНУ-ын хиймэл оюуны “Encora” компанийг 2.35 тэрбум ам.доллараар худалдан авсан. Мөн “Bajaj Group” Германы даатгалын “Allianz SE” компани дахь хувьцаагаа нэмэгдүүлсэн байна.
Зөвлөх үйлчилгээний “Grant Thornton” компанийн мэдээлснээр, 2025 онд Энэтхэгийн компаниуд нийт 18 тэрбум ам.доллараас давсан дүнтэй 162 гадаад худалдан авалт хийсэн нь өнгөрсөн оноос 34 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар Энэтхэгийн компаниуд одоо зөвхөн нэр хүндийн төлөө биш, харин бодит хэрэгцээний үүднээс гадаадын компаниудыг худалдан авч байна. Жишээлбэл шинэ зах зээлд нэвтэрч, дэвшилтэт технологитой болж, олон улсын брэнд эзэмшин судалгаа, хөгжүүлэлтийн чадвараа нэмэгдүүлэх болон нийлүүлэлтийн сүлжээгээ хамгаалах зорилготой байгаа аж.
Мөн Энэтхэгийн зарим компаниуд дотоодоос илүү гадаадад газар, зээл, санхүүжилт авахад амар байдаг учраас хөрөнгө оруулалтаа хилийн чанадад хийж байна.
Үүний зэрэгцээ Энэтхэгийн дотоод эдийн засаг хэд хэдэн хүндрэлтэй тулгарч байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт сул хэвээр байгаа аж. Улмаар компаниуд дэлхийн худалдааны зөрчил, эдийн засгийн тодорхойгүй байдлаас болгоомжилж байна. Шинжээчид Энэтхэгийн компаниуд эрсдэлээ бууруулахын тулд гадаадад үйл ажиллагаагаа өргөжүүлж байна гэж үзэж байна.
Гэхдээ гадаад худалдан авалт үргэлж амжилттай байдаггүй. Жишээлбэл, “Tata Steel” компани 2000-аад онд Британийн “Corus Steel” компанийг худалдаж авсны дараа олон жилийн турш хүндрэлтэй тулгарсан. Гэвч эрсдэл байгаа ч Энэтхэгийн компаниуд цаашдаа гадаадын бизнесүүдийг худалдан авсаар байх болно гэж шинжээчид үзэж байна. Ялангуяа Энэтхэг Их Британи, Европ, Австрали зэрэг улсуудтай чөлөөт худалдааны шинэ гэрээнүүд байгуулж байгаа нь энэ үйл явцыг улам хурдасгаж магадгүй юм. Энэ бүхэн Энэтхэгийн олон компани ирээдүйд өсөлтөө хангахын тулд дэлхийд тэлэхийг чухал стратеги гэж үзэж байгааг харуулж байна.