Энэтхэгийн технологийн нийслэл Бенгалуру хотод ажиллаж амьдардаг 41 настай Нидхи Агарвал гэр бүлийн хүнтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр хүүхэдгүй байх шийдвэрийг анх гаргаж байв. Тэд гэрлээд есөн жил өнгөрсөн ч энэ шийдвэртээ үнэнч хэвээр байна. “Гэрлэхээсээ өмнө бид хүүхдийн талаар хэзээ ч ярилцаж байгаагүй. Зөвхөн санхүү болон карьерын зорилгоо л хэлэлцдэг байв. Тэгээд гэрлэснийхээ дараа ярилцаад үзтэл бидний хэн хэн нь карьертаа илүү анхаарч, нийгэмдээ өөрчлөлт авчрахыг хүсч байгаагаа ухаарсан” гэж Агарвал ярих аж.
Гэхдээ энэ шийдвэрийг гаргах амар байгаагүй. Учир нь Агарвалын эгч гэрлээгүй болохоор гэр бүлийнхэн нь түүнийг хүүхэдтэй болохыг шавдуулж, багагүй шахалт үзүүлдэг байжээ. “Хэдий тийм ч хүүхэдгүй байх нь бидний сонголт байсан. Бидэнд үүнээс ч илүү том амьдралын зорилго бий” гэж Агарвал хэлжээ.
Тэдний адил шийдвэр гаргасан хосууд Энэтхэгээр дүүрэн бий. Энэтхэгийн хүн ам олон 10 жилийн турш тасралтгүй, хурдацтай өссөн. Гэвч өдгөө Энэтхэг даяар залуусын дийлэнх олонх нь цөөн хүүхэдтэй болох, эсвэл бүр хүүхэд төрүүлэхгүй байхыг илүүд үзэх болж. Засгийн газрын тоо баримт, Түүвэр бүртгэлийн системийн статистик тайлангаас үзвэл, Энэтхэгийн төрөлтийн түвшин сүүлийн жилүүдэд тасралтгүй буурч байгаа аж.
Гэхдээ энэ үзүүлэлт өнөөдрийг хүртэл хүн амын өсөлтийн түвшинг хангахуйц хангалттай өндөр байсан.
Өнгөрсөн сард гаргасан хамгийн сүүлийн тайланг харвал Энэтхэгийн төрөлтийн түвшин 1.9-тэй гарчээ. Энэ нь хүн амын тоог тогтвортой түвшинд хадгалахад шаардлагатай 2.1 гэсэн суурь үзүүлэлтээс доогуур байна гэсэн үг юм. 2000-аад оны үед Энэтхэгийн төрөлтийн түвшин 3.3 байв.
Шинжээчдийн үзэж байгаагаар төрөлт буурахад иргэдийн боловсролын түвшин дээшилсэн, жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хүртээмж сайжирсан, хүүхэд өсгөх зардал нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.
КАРЬЕР ХӨӨХ ЭРМЭЛЗЭЛ
Боловсролын өндөр түвшин болон даяаршил нь өнөөгийн залуу эмэгтэйчүүдийг уламжлалт хэвшмэл ойлголтод баригдахгүй байхад нөлөөлж байна. Эмэгтэй хүн гэрлэж, хүүхэд төрүүлж байж л амьдрал нь тэгширдэг гэдэг ойлголтоос тэд татгалзаж эхэлсэн. Урьд нь иймэрхүү яриа, ухуулга эмэгтэйчүүдийг карьераа хойш тавиад, хүүхэд төрүүлэх ёстой гэж бодоход хүргэдэг байж.
Өдгөө боловсролын ачаар хүчирхэгжиж, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн 30–40 насны эмэгтэйчүүдэд энэ чиг хандлага утгагүй болсон байна.
Хосууд хүүхэдтэй болох талаар зөвлөгөө авахаар мэргэжлийн эмчид хандахдаа жирэмслэлтээ карьерынхаа төлөвлөгөөтэй улам бүр уялдуулах болсон аж. Хосууд “Хүүхэдтэй болох нь амьдралд үнэхээр үнэ цэн нэмэх үү, эсвэл зүгээр л нийгэмдээ уусч, бусдын жишгийг дагах хэрэгцээ шаардлага уу” гэж байнга эргэлзэх болсныг мэргэжлийн хүн хэлж байна.
Энэтхэгт карьераа нэгдүгээрт тавихыг хүсч буй эмэгтэйчүүд өндгөн эсээ хөлдөөх сонголтыг хийх болжээ. Өдгөө тус улсад өндгөн эс хөлдөөх үйлчилгээ үзүүлдэг 2000 гаруй үр тогтоох төв ажиллаж байна.
АМЬЖИРГААНЫ ӨРТГИЙН ДАРАМТ
Карьер, боловсролоос гадна хүүхэдтэй болох эсэхийг шийдэж буй бас нэгэн чухал хүчин зүйл бол Энэтхэгийн амьжиргааны өртөг. Тус улсад амьжиргааны өртөг өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, инфляцийн дарамт нүүрлээд буй. Албан тоо баримт харвал, тус улсын хэрэглээний үнийн инфляци дөрөвдүгээр сард 3.48 хувьд хүрсэн нь зургаа дахь сардаа дараалан өссөн үзүүлэлт байв. Хэрвээ АНУ, Ираны дайн даамжирвал энэ үзүүлэлт улам өсөх магадлалтайг тус улсын Төв банк анхааруулжээ.
Олон улсын валютын сангийн мэдээлснээр 2025 онд Энэтхэгийн хүн амын жилийн дундаж орлого 2,878 ам.доллар буюу сард 240 ам.доллараас бага байжээ. Гэтэл 2026 оны зургадугаар сарын байдлаар нэг хүний сарын дундаж зардал түрээсийг тооцохгүйгээр 290.40 ам.доллар байгаа юм.
Энэ байдлаас болоод залуус гэр бүл зохиох найдлагаа улам бүр алдсаар байгааг хуульч мэргэжилтэй Лутра хэлжээ. Тэрбээр “Олон залуус хүүхэдтэй болохын оронд амралт зугаалгаар явах, амралтын өдрүүдээр гадуур хооллож, ууж идэхэд мөнгөө зарцуулж байна. Тэд сарын эцэст үлдсэн мөнгөө байрны түрээс, урсгал зардалдаа төлөөд таардаг” гэжээ.
Нялхсын эндэгдэл буурах тусам иргэдийн олон хүүхэдтэй болох хүсэл эрмэлзэл багасдаг гэдэг ажиглалт судалгаа байдаг.
Сүүлийн үеийн тайланг харвал Энэтхэгт ч энэ чиг хандлага ажиглагдах болжээ. Энэтхэгт нялхсын эндэгдэл 2019 онд 1,000 амьд төрөлтөд 30 байсан бол 2024 онд 1,000 амьд төрөлтөд 24 болон буурчээ. Түүнлчэн Энэтхэгийн Ерөнхий бүртгэл, хүн амын тооллогын комиссын газрын тавдугаар сарын хүн ам зүйн судалгаагаар, боловсролын түвшин хамгийн доогуур, нялхсын эндэгдэл өндөртэй хамгийн ядуу мужуудын нэг Бихарт төрөлтийн түвшин хамгийн өндөр буюу 2.9 гарчээ. Үүний эсрэгээр, боловсролын түвшин хамгийн өндөр, нялхсын эндэгдэл хамгийн багатай Шинэ Дели хотод төрөлтийн түвшин хамгийн бага буюу нэг эмэгтэйд дунджаар 1.2 төрөлт бүртгэгдсэн байна. Энэтхэгийн эрүүл мэнд, боловсролын шилдэг тогтолцоотой Тамил Наду, Керала зэрэг өмнөд мужуудад энэ үзүүлэлт бүр 1.3 байв.
Хүүхэд эсэн мэнд төрж, бойжиж буй учир залуус яаран олон хүүхэд төрүүлдэггүйг энэ судалгаа харуулна. Гэхдээ энэ нь энэтхэг хүн бүрийн хүсч тэмүүлж байсан сайн үр дүн, баяртай үйл явдал гэдэг нь юу юунаас илүү чухал юм.
Нялхсын эндэгдэл буурч байгаа ч Энэтхэгт үргүйдэл нэмэгдсээр байна. Судалгаанаас үзэхэд Энэтхэгт үргүйдлийн түвшин 1992 онд 22.4 хувьтай байсан бол 2015 онд 30.7 хувь болж өсчээ. Энэ нь ихэвчлэн хүмүүсийн амьдралын буруу хэв маягтай холбоотой байдаг.
УХАМСАРТАЙ СОНГОЛТ
Хосууд хүүхэдтэй болох эсэх нь эмэгтэйчүүдэд нээлттэй байгаа практик боломжуудаас ихэвчлэн шууд хамаардаг. Жирэмслэлтээс хамгаалах эмийг хаанаас л бол хаанаас өргөн сонголттой олж авах боломжтой болсон. Энэ нь жижиг хотууд болон хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд ухамсартай шийдвэр гаргах боломжийг олгосон аж.
Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд эргэн тойрныхныхоо дэмжлэг туслалцааг харгалзан үзэж ухаалгаар шийдвэрээ гаргадаг болоод байна. Энэтхэгийн уламжлалт нийгмийн тогтолцоог харвал залуу хосуудад хүүхдээ өсгөхөд нь эцэг эх нь тусалдаг. Гэтэл одоогийн чиг хандлагаар залуус хожуу хүүхэдтэй болвол өндөр настай эцэг эхээрээ нялх хүүхэд харуулна гэдэг амаргүй юм. Тэгэхээр хүүхэд асрагч хөлслөх шаардлагатай болно, энэ нь эргээд зардал болно гэсэн үг.
Хосуудын шийдвэрт нөлөөлж буй бас нэгэн хүчин зүйл нь компаниудын дэмжлэг. Энэтхэгт ажилчин эмэгтэйчүүд эхний хоёр хүүхдээ төрүүлэхэд 26 долоо хоног хүртэлх цалинтай чөлөө, гурав дахь болон дараагийн хүүхдээ төрүүлэхэд 12 долоо хоног, үрчилж авсан хүүхдэд 12 долоо хоногийн цалинтай чөлөө авах хуулиар олгогдсон эрхтэй байдаг. Харин аавууд хууль ёсоор 15 хоногийн цалинтай чөлөө авах эрхтэй байдаг ч хувийн хэвшилд үүнийг зохицуулсан зүйл байдаггүй.
ЗАСГИЙН ГАЗРЫН АРГА ХЭМЖЭЭ
Энэтхэгийн засгийн газар улс орны хэмжээнд төрөлт буурч байгаатай тэмцэх нэгдсэн бодлого хараахан зарлаагүй байгаа ч зарим муж тусдаа урамшууллын бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал, төрөлтийн түвшин нь 1.4 болж буурсан Андхра Прадеш муж гурав дахь хүүхдээ төрүүлсэн хосуудад 315 ам.доллар, дөрөв дэх хүүхдээ төрүүлбэл 420 ам.доллар санал болгож эхэлжээ. Мөн Гоа, Карнатака, Телангана зэрэг мужид анх удаа эцэг эх болж буй хүмүүст зориулсан улсын санхүүжилттэй Үр шилжүүлэн суулгах төвүүдийг байгуулаад байна.
Гэхдээ засгийн газар энэ асуудалд үнэхээр л нухацтай хандаж байгаа юм бол урамшууллын арга хэмжээ авах гэхээсээ илүүтэй хүмүүс яагаад хүүхэд төрүүлэхгүй байгаа шалтгааныг гүнзгий судлах ёстой. Хосууд хүүхэдтэй болох эсэхээ шийдэхдээ бүх зүйлийг тунгаасан, ухамсартай шийдвэр гаргадаг. Тиймээс засгийн газар мянга урамшуулал зарлалаа гээд тэдний бодлыг өөрчлөх магадлал бага.
Эцсийн дүндээ үр хүүхэдтэй болох эсэх нь хүний хувийн сонголт. Хүмүүсийн сонголтыг ойлгоход цаг хугацаа хэрэгтэй байж болох ч нийгэм үүнийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх хэрэгтэйг энэтхэг залуус хэлж байна.