ОХУ-ын Ялалтын баярын парад өнөөдөр /2026.05.09/ Москвагийн цагаар 10:00 цагт Улаан талбайд эхэлнэ. Энэ бол Владимир Путины хувьд маргаангүй жилийн хамгийн чухал арга хэмжээ. Гэвч энэ жил зарим холбоотон нь түүнээс зайгаа барьж, парадын цар хүрээ ч цомхон болох төлөвтэй байгаа билээ.
Эрсдэлийг үл харгалзан Москвад ирэх зочид хэн хэн байх бол?
ЗХУ задран унасны дараа Орос улс барууны орнуудтай харилцаагаа сайжруулж эхэлсэн тэр он жилүүдэд Ялалтын баяр гадаадын зочдоор дүүрэн болдог байлаа. Тухайлбал, 1995 онд АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон, Их Британийн ерөнхий сайд Жон Мейжор, Канадын ерөнхий сайд Жан Кретьен нар парадын зочноор оролцож байв. Үүнээс 10 жилийн дараа 2005 оны парадад АНУ, Франц, Герман тэргүүтэй олон улсын удирдагчид оролцсон. Харин 2010 оны парадад Германы канцлер Ангела Меркель оролцож байлаа.
Гэвч 2014 онд ОХУ Крымийн хойгийг эзэлсний дараа барууны удирдагчид Ялалтын парадыг алгасах болсон юм. Ингээд 2022 онд ОХУ-аас Украинд халдан түрэмгийлснээр зочдын жагсаалт улам цөөрсөөр цөөрсөөр 2026 онтой золгоод байна.
Гадаад хэргийн яамны гаргасан жагсаалтыг харвал Оросын орчин үеийн түүхэнд бичигдэхүйц цөөн зочин энэ жилийн баярт оролцох нь.
Тодруулбал, энэ жилийн баярт Лаосын ерөнхийлөгч Тонглун Сисулит, Малайзын дээд удирдагч Султан Ибрахим, Беларусийн удирдагч Александр Лукашенко нар оролцоно. Лукашенкогийн хувьд Ялалтын парадыг алгасч үзээгүй.
Словакийн ерөнхий сайд Роберт Фиког оролцоно гэж Кремль мэдэгдэж буй ч Фико өөрөө энэ жил алгасах төлөвлөгөөтэй байна гэж баталсан аж. Түүний оронд Словакийн Гадаад хэргийн дэд сайд Растислав Хованеч парадад оролцож магадгүй. Тэрбээр ” Надад Зеленскийн үгийг Путинд дамжуулах завшаан тохиож магадгүй” гэж хэлжээ. Европын удирдагч Украины удирдагчийн үгийг дайж ирнэ гэдэг Кремлийн хувьд муу мэдээ юм.
Парадыг алгасах сонголтгүй зарим нэг хүн бий. Тэдний гадаадын гэж тодотгох ч хэцүү, удирдагч гэж тодотгох ч хэцүү. Тодруулбал, Оросын эзэлсэн газар нутагт Москвагаас томилогдсон удирдагчид болох Абхазын бүгд найрамдах улсын Бадра Гунба, Өмнөд Осетийн Алан Гаглоев нар парадад оролцоно.
Босни ба Херцеговин улсын бүрэлдэхүүн Бүгд найрамдах Српска улсаас төлөөлөгчид оролцоно. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын ерөнхийлөгч асан Милорад Додик багтжээ. Додик нь Украины дайн эхэлснээс хойш Москвад очиж Путинтэй хэлэлцээ хийсэн Европын цөөн хэдэн улстөрчийн нэг. Түүнийг эх орондоо зургаан жилийн хугацаатай төрийн алба хаших эрхийг нь хассан. Додик трактор болон бусад том оврын техник жолоодох дуртай гэдгээрээ алдартай. Тиймээс түүнийг төрсөн хот болох Лакташи болон тракторт хайртай удирдагч Лукашенкогийн нэрийг хослуулан “Лакташенко” гэж егөөдөн хочилдог болжээ.
Хэрвээ Ялалтын баярт хэн ч ирэхгүй бол “Хэнийг ч анхнаасаа уриагүй” гэж хэлэхээр Кремль бэлтгэж буй бололтой.
Кремль хэнд ч албан ёсоор урилга илгээгээгүй, зочид цэвэр өөрсдийн санаачлагаар ирж буй гэж мэдэгдсэн юм. Путины туслах Юрий Ушаков “Бид өнгөрсөн жилийнхээс ялгаатай нь энэ удаа гадаадын зочдыг зориуд уриагүй” гэжээ.