Б.Балжинням: Кубанад тоглосны дараа эсрэг талын дүрийн санал ирсэн

Жүжигчин Б.Балжинням урлагийн гэр бүлд өссөн нэгэн. Аав Д.Бямбацогтыгоо дагаж, урлагтай багаасаа танилцсан тэрбээр зургаан настайдаа үзсэн жүжгээсээ энэ  мэргэжлийн тухай анхны төсөөллөө авчээ. Тэр цагаас хойш жүжигчин болох шийдвэр нь улам батжиж, Соёл урлагийн их сургуульд элсэн суралцсан байна. Түүний уран бүтээлийн замналд анхны бүрэн хэмжээний киноноос эхлээд “Татар” киноны Кубана хүртэлх олон дүр бий. Ялангуяа эсрэг талын, хурц характертай дүрийг бүтээсэн нь үзэгчдийн анхаарлыг татсан. Түүнийг “Бидний зүсэлсэн гүнж” кинонд жүжигчин,  продюсероор ажилласных нь дараа ирээдүйн зорилгын талаар нь ярилцлаа.

-Ярилцлагаа таны сүүлийн үеийн уран бүтээлээс эхэлье. Ойрын хугацаанд ямар уран бүтээл дээр ажилласан бэ?

-Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл зургаадугаар сарын 3-нд “Бидний зүсэлсэн гүнж” гээд “Long Entertainment”-ийн уран бүтээл дээр ажилласан. Миний хувьд жүжигчин болон продюсероор ажилласан. Найруулагчаар нь жүжигчин, найруулагч Г.Жанчив ажилласан.

Киноны тухайд тодотгоход түүхэн, инээдмийн уран сайхны кино юм. Тухайн кинонд гарч байгаа үйл явдал, газар, хүмүүсийн нэр бүгд зохиомол. Нэг ч бодит явдлаас сэдэвлээгүй. Гэхдээ түүхэн ярианы хэллэг дээр суурилсан. Бидний 100 хувь өөрсдийн санаанаас гарсан уран бүтээл болсон.

– Оюутан байх үеийн дөрвөн жил тань хэрхэн өнгөрсөн бэ?

-Би 2011 онд Соёл урлагийн их сургуульд элсэж орсон, Л.Дэмидбаатар багш маань анги даасан багш байлаа. Оюутны дөрвөн жил нэг мэдэхэд л өнгөрсөн. Миний хувьд хөдөлгөөнтэй оюутан гэх үү дээ. Гуравдугаар курсэд тайзан дээр гардаг. Хичээл ихтэй байдаг. Дөрөвдүгээр курсэд бол дипломын бичвэрийн ажил гээд бужигнаад л хурдан болоод өнгөрсөн.

Соёл урлагийн их сургуульд тэнцэх нь гоё байсан. Шалгалт өгөөд тэнцээд сургуульдаа орсон мэдрэмж хамгийн гоё.

АНХНЫ КИНО КАМЕРЫН ӨМНӨХ ДОГДЛОЛ 

-Таны жүжигчний замнал хамгийн анх ямар киноноос эхэлсэн бэ? Үзэгчид тэр бүр мэддэггүй, анхны дүрийнхээ талаар яривал?

-Тэр киноны хувьд болохоор улс болгоны хүүхдүүдийн амьдралыг харуулсан баримтат маягийн кино байсан. Франц найруулагч ирээд, сонгон шалгаруулалтад оролцоод тэнцсэн. Хамгийн анх энэ кинонд 2005 онд буюу ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа тоглосон.

-Харин оюутан байхдаа “Тагнуулч аав” кинонд дүр бүтээсэн. Энэ нь аавтайгаа хамт тоглосон анхны бүрэн хэмжээний кино байсан уу?

-Оюутан байхдаа нэгдүгээр курс төгссөн зундаа продюсер Хүрлээ ах/Д.Хүрэлхүү/, зураглаач “Go”-ийн  Галаа ах /Д.Галбаяр/, нарын үе дамжсан урлагийн уран бүтээлчдийн хүүхдүүдтэй тоглосон юм. Жишээ нь, Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн хүү Тамираа ах (Б.Тамир), Ардын жүжигчин И.Одончимэг эгчийн охин О.Намуун, Монгол Улсын гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан ахын хүү Нээнээ (Э.Энэрэл) бид тав тоглосон юм. Тэр кино миний тоглосон анхны бүрэн хэмжээний кино байсан.

-Тэр үед анх киноны санал авч, камерын өмнө зогсох ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Киноны санал ирэхэд сандраад догдолсон. Бүх юм давхцаад камерын өмнө яаж жүжиглэхээ мэдэхгүй болчихсон.

-“Татар” киноны Кубанагийн дүрээр таныг үзэгчид илүү таньж эхэлсэн. Энэ дүрд хэрхэн сонгогдон ажилласан бэ?

-Зохиол дээр “Татар”-ын кино учраас Кубанагийн хэсэг бол ер нь цөөхөн.

Найруулагч бол аймар харизмтай, харахад л хүнд тээртэй, ядаргаатай, хүмүүс хажууд нь байхад байж суухын аргагүй, хэцүү характертай, хурц төрхтэй хүнийг гаргахыг хүссэн.

-Тэгвэл Кубанагийн дүрийг авсныхаа дараа өөрийнхөөрөө хэрхэн хүлээж авч, дүрдээ бэлтгэсэн бэ?

Кубанагийн дүрийг авсныхаа дараа аль болох найруулагчийн хүссэн дүрийг гаргахыг хичээж ажилласан.

-Кубана-ийн дүрийн дараа танд эсрэг талын, ширүүн характертай дүрийн санал хэр их ирдэг болсон бэ?

-Кубанад тоглосны дараа мэр сэр эсрэг талын харизмтай дүрийн саналууд ирсэн.

-Ер нь таны тоглохыг хүсдэг мөрөөдлийн дүр хэн бэ?

-Эсрэг талын дүрд ажиллахад их сонирхолтой байдаг. Хүмүүст илүү үлддэг. Эсрэг талын дүр сайн байх тусмаа гол дүр илүү дээшээ шидэгддэг. Эсрэг дүр илүү ажиллагаатай. Яагаад гэвэл хүмүүсийн дургүйг хүргэж байгаа гэх ч юм уу, ямар нэгэн тэнд хүний болохгүй талыг хөндөж харуулдаг. Ийм учраас нэлээн ажилбар шаарддаг. Тийм болохоор эсрэг талын дүрд тоглох нь илүү өөрийнхөө ур чадварыг тод харуулах боломж юм шиг санагддаг.

 “ТҮҮХЭН КИНОНД БААТАР БОЛЖ ТОГЛОВОЛ ГОЁ”

-Та өмнө нь түүхэн, туульсын шинжтэй кинонд тоглохыг хүсдэг тухай ярьсан. Яагаад ийм төрлийн киног сонирхдог вэ?

-Түүхэн кино ер нь гоё. Монгол Улс, Монгол үндэстэн учраас бид нарт түүхэн, баатарлаг, туульсын, үлгэрийн шинж чанартай бүтээлүүд илүү ойр . Түүхэндээ л баатарлаг ард түмэн гэж тунхаглагдсан шүү дээ. Хэзээ нэгэн цагт баатар ч юм уу, түүхэн кинонд тоглох гоё л гэж боддог.

-Тэгвэл аавынхаа тоглож байсан кинонуудаас, хэрэв өнөөдөр дахин шинэчлэн бүтээвэл тоглохыг хүсэх дүр бий юу? Жишээлбэл Ноён солиотын дүр гэх мэт?

-Ёстой бодож үзээгүй юм байна.

-Таныг аавынхаа тоглосон “Нохой зодоон” кинонд илүү дуртай гэж сонссон?

-“Нохой зодоон” гээд нэг кино гарч байсан. Тэр кино тухайн үедээ гараад л өнгөрч байсан. Кино театрт бол долоо хоног л гарсан байх. Би найм юм уу, есөн настай байсан. Тэр үед яг “Ноён солиот” гарсны дараахан, үзсэн хүмүүс бол их цөөхөн байх. Тэр кино сэтгэлд л үлдэж байсан.

“Театрын тайз руу татагдсан зургаан настай хүү”

-Таны жүжигчин болох сонголтын ард аав тань хэр их нөлөөлсөн бэ? Багаасаа аавыгаа хараад жүжигчин болохоор шийдсэн үү?

-Тийм ээ. Анхнаасаа л жүжигчин болъё гэж шийдсэн. Ер нь бол аав их нөлөөлсөн. Аав театрт ажилладаг байсан. Тухайн үед театр луу дагаж явсаар уур амьсгал нь их нөлөөлсөн. Зургаан настайдаа “Улаан дарвуулт хөлөг онгоц”  гэх жүжиг үзсэн. Тэр нь их гоё үлгэрийн юм шиг санагдсан.“Marvel”-ийн кинонууд “Avatar”-ийг дэлгэцээр хараад  хүрч болохгүй. Жүжиг бол тайзан дээр үлгэрийн мэт байгаа тэр зүйлсэд хүрч болно. Үнэртэж болно. Тэр мэдрэмж нь илүү урлаг руу татсан гэж боддог.

-Та хошин шог эсвэл тайзны жүжигчин болъё бодож байсан уу?

-Бодсон. Хошин шогод баргийн хүн тоглочихдог амар жанр биш шүү. Манай мундаг жүжигчид бол хүмүүст амархан юм шиг санагдтал тоглож чаддаг. Мэдрэмжийн хувьд хүн инээлгэнэ гэдэг их хэцүү зүйл. Жишээлбэл, нэг онигоо яриад бүтэлгүйтдэг тохиолдол зөндөө. Тэрийг биеэрээ үзүүлээд хүмүүсийн инээдийг хүргэдэг жанр бол мэргэжлийнхээ үүднээс харахад  их хэцүү шүү дээ.

-Та өмнө нь найруулагчаар сурах хүсэлтэй байсан тухайгаа ярьж байсан. Урлагийн өөр чиглэл рүү тэлэхийг хүсэх болсон шалтгаан тань юу вэ?

-Урлагийн мэргэжил сонгосон учраас ямар нэгэн байдлаар үүндээ хамаатуулах зүйлстэй холбогдох нь хувь хүний хөгжил талаасаа сайн гэж бодсон. Энтертайнмент продюсер чиглэлээр сурмаар байсан. Сургуулиас урилга ирсэн болов ч виз болоогүй.  Гэхдээ сайн жүжигчин, сайн найруулагч, сайн продюсер гээд урлаг чинь том цар хүрээтэй. Энтертайнмент, маркетинг бүх л юм хамаарч байж урлаг бүтдэг. Нэг кино гэхэд хоёрхон хүн жүжиглээд байгаа мөртлөө түүний ард бүх л бүтэн дор хаяж 30-40 хүн баг болж ажиллаж байдаг. Энэ систем, агуулгыг нь ойлгох нь чухал гэж бодсон.

“СУРГУУЛИА ТӨГСӨӨД ТАВАН ЖИЛ МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛААГҮЙ”

-Жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн ч хэсэг хугацаанд ажиллаагүй, айдастай байсан тухайгаа өмнө нь ярьж байсан. Тэр үеэ эргэн дурсвал?

-Төгсөөд таван жил бараг мэргэжлээрээ ажиллаагүй. Тэс өөр юм хийгээд л явсан. 2020 онд буцаад өөртэйгөө, үнэнтэйгээ нүүр тулна гэдэг шиг сургуульд нь сурч, мэргэжил эзэмшчихээд, мөн мэргэжлээрээ ажиллана гэж  сонголт хийчихээд эргэж буцаж болохгүй. Сэтгэлийн дуудлага гэдэг шиг л  “Чи энийг хийнэ гэж боддог байсан, чи үүнийг хүсдэг байсан” гээд л өөрийгөө хурцалснаар мэргэжлээрээ ажилласан даа.

-Өнөөгийн залуучуудын хандлага, үзэл бодолд ямар өөрчлөлт гарч байна гэж та хардаг вэ?

-Одоо залуучууд бүгд гоё хэлтэй болж байна. Нөгөө талаасаа залуучууд сэрж байна. Их үндсэрхэг болж байна. Эргээд түүхээ их судалж байна. Ямар нэгэн байдлаараа буцаад түүх, соёл, хэл ёс заншлаа түлхүү судалж, мэддэг болох байх гэж боддог.

“Жүжигчин хүн бодит амьдрал дээрээ жүжиглэвэл утгагүй”

-Таны бодлоор сайн жүжигчин байхын хамгийн чухал чанар юу вэ?

-Яг тодорхойлсон юм бол алга. Яагаад гэвэл хүн болгоны харилцаа хандлага, төрж өссөн орчин, хүмүүжил, боловсрол бүх зүйл нь өөр шүү дээ. Түүгээрээ л хүн өөрсдийгөө илэрхийлж байгаа. Түүнээс яг ийм байх ёстой гэсэн онол  ч юм уу, баримталсан зарчим гэж байхгүй.

Гэхдээ жүжигчин хүмүүс бодит амьдрал дээрээ жүжиглэвэл утгагүй. Олон нийтийн дунд хүн болгон л багтай явж байгаа. Жүжигчин хүн өөрийнхөөрөө л харилцаанд орж байх юм бол зүгээр гэж боддог. Илүүтэй сайхан сэтгэлтэй, тусч, юмыг байгаагаар нь хүлээж авдаг байх.

-Та багадаа сониуч, аливаа зүйлийг эрж хайж, судлах дуртай хүүхэд байсан гэж өмнө нь ярьж байсан. Багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Багадаа сониуч хүүхэд байсан. Нэг ёсондоо шинэ зүйл туршиж үзэхээс айдаггүй. Хараад л сонирхол татах юм бол ямар ч фильтергүй яваад ордог. Энэ аюултай эсвэл аюулгүй болов уу, хүнд хэрэгтэй, хэрэггүй тухайг нь ч бодохгүй шууд орчихдог. Их хөдөлгөөнтэй хүүхэд байсан.

-Жүжиглэхээс өөр авьяас байдаг уу?

-Бага байхдаа бүжиглэдэг байсан. Би Хөгжим бүжгийн коллежид сурдаг байсан.

-Жүжигчин хүний хувьд хэний уран бүтээлийг илүү үзэж, суралцдаг вэ? Таны сэтгэлд хоногшсон, дахин дахин үзэх дуртай кино бий юу?

-Сүүлд “Birdman” кино. Мөн “Leonardo DiCaprio”- ийн тоглосон “Shutter Island” байна. Түүнчлэн “Constatine”, “The Shawshank Redemption” үзэх тусам сонирхолтой байдаг. Жүжигчдийнх нь тоглолт, киноных нь хийц бүгд хичээл шиг байдаг.

-Ерөнхийдөө триллер төрлийн кино илүү сонирхдог уу?

-Тийм шүү. Ер нь триллер төрлийн кинонууд гэсэн үг.

-Та ирээдүйд хүүхэдтэй болоод хүүхэд тань жүжигчин болох хүсэлтэй байвал дэмжих үү?

-Сайн мэдэхгүй байна. Намайг жүжигчин болоход аав дургүй байсан гэж одоо бодоход их хэцүү. Тэр үед хүүхэд байсан болохоор дургүй юм шиг санагдсан байх. Аав бол 100 хувь дургүйдээ бат зогсоогүй. Миний сонголт, сонирхлыг хүлээн зөвшөөрсөн. Аавын хувьд жүжигчний мэргэжлийн хүнд, хэцүүг нь мэддэг учраас цаг зав гаргаад суралцсаны дараа мэргэжлээрээ ажиллаж чадах уу, шантрах юм биш байгаа, үзэгчдэд үнэлэгдэх үү гээд олон зүйлийг бодож байсан болов уу.

 “УЧРЫГ НЬ САЙН ОЙЛГОХ ЁСТОЙ”

-Жүжигчний мэргэжил сонгохоор бэлдэж байгаа залууст та ямар зөвлөгөө өгөх вэ? Өөрөө СУИС-ийн шалгалтад хэрхэн бэлдэж байсан бэ?

-Маш олон юм нөлөөлнө шүү дээ. Тухайн өдрийн аз гэж байна. Тэр үеийн сэтгэл зүй гэж байна. Юмаа сайн бэлдчих юм бол хийж байгаа юмандаа итгэлтэй байна. Үнэнч хүнийг цаг хугацаа шагнана гэдэг шиг. Юмыг оромдохгүйгээр ойлгох гэж хичээх хэрэгтэй. Дөрвөн жилийн манай хичээлийн хөтөлбөр чинь ямар нэгэн юмыг ойлгож, учрыг нь олж байж тэрнийхээ ард гарна. Жишээлбэл, “хайртай” гэж хэлж байхдаа яг үнэндээ “хайргүй” мөртлөө “хайртай” гэж хэлж байгаа юм уу, жинхнээсээ “хайртай” болохоор “хайргүй” гэж хэлж байгаа юм уу гээд задраад явдаг. Тэрийг тэгээд л үзүүлнэ. “Хайргүй” мөртлөө “хайртай” гэж яаж хэлэх вэ гэх мэтчилэн. Тийм болохоор ямар нэгэн юмны учрыг сайн ойлгох ёстой.

-Ярилцлагын төгсгөлд одоо болон ойрын хугацаанд хийхээр төлөвлөж буй уран бүтээлийнхээ талаар сонирхуулбал?

-Одоогоор бол ажиллаж байгаа кино байхгүй. Харин нэг зохиол дээр сууж байгаа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа

-Баярлалаа.

Гэрэл зургийг О.БОЛОРСУВД

С.УЧРАЛ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн