FASHION
Эван Фрай 2003 онд төрсөн. Энэ бол хүн төрөлхтөн “Nokia”, “Sony Ericsson” зэрэг гар утасныхаа дэлгэцнээс цаг хэд болж байгааг харчихдаг болоод багагүй хугацаа өнгөрсөн байсан үе. Үүний зэрэгцээ уламжлалт бугуйн цаг хэрэглээнээс хасагдах вий гэсэн айдас үйлдвэрлэгчдийн дунд хэдийнэ үүссэн байсан үе. Цаг хугацааг нарны тусгалаар баримжаалдаг байсан эрт үе шиг бугуйн цагийг ч бас хуучирсан арга хэрэгсэл гэж залуус үздэг болсон байв. Тэдний хувьд гар утас нь цаг болсон байсан.
Эван Фрай бүхэл амьдралынхаа туршид “iPhone” утасны дэлгэц, зөөврийн компьютер, зурагт, цахилгаан зуух, төвлөрсөн халаалтын систем, “Nintendo DS” тоглоомын дэлгэцээс цаг хэд болж байгааг харжээ. Тэр бүү хэл угаалгын өрөөнийхөө толиноос хүртэл цагаа харчихдаг.
Гэсэн атлаа тэр бугуйн цагийг 30, 40-өөр нь цуглуулсан гэхээр сонирхолтой. Цаг нэг бүрийн үнэ нь дунджаар 1000-2000 ам.доллар. Одоогоор түүнд байгаа хамгийн үнэтэй цаг “Tag Heuer Carrera” бөгөөд ойролцоогоор 3500 ам.доллараар худалдаж авч байжээ. Эван Фрай нэг л өдөр “H. Moser & Cie”-ийн цаг зүүнэ гэж боддог. Гэхдээ тус брэндийн цаг дор хаяж 50 мянган ам.долларын үнэтэй.
Эндээс уншигч та Эван Фрайг цаг сонирхогч гэдгийг ойлгосон болов уу. “Z” үеийн залуус бугуйн цаг сонирхож, цуглуулах нь сүүлийн үед улам нэмэгдсэн.
Хуучин, тансаг зэрэглэлийн бугуйн цаг худалдаалдаг “Bezel”-ийн мэдээлснээр, 30-аас доош насныхан тус компанийн гүйлгээний гуравны нэгийг бүрдүүлдэг. Энэ үеийн залуусыг уламжлалт брэндүүд урьд нь байнга дутуу үнэлдэг байсан. Гэтэл одоо бугуйн цаганд хамгийн их мөнгө зарцуулж байгаа хүмүүс нь насны ангиллаараа “Z” үеийнхэн болоод байгаа аж.
Швейцарийн тансаг цаг үйлдвэрлэгч “Longines” брэнд ч бас залуу хэрэглэгчдийн өсөлтийг анзаарчээ. Ялангуяа хуучин цагаа засварлуулах гэж ирсэн хүмүүсийн ойролцоогоор 50 хувиас нь 30-аас доош насныхан байна. Энэ нь залуус аав, өвөөгөөсөө бугуйн цаг өвлөн авч буйтай холбоотой гэж Лондонд ажилладаг туслах менежер Тиаго Абрантес хэлжээ.
Эван Фрайгийн хувьд цагны сонирхлоороо найзуудаасаа хол түрүүлсэн. Тэрбээр Юта дахь гэрээсээ “YouTube” бичлэг хийж, сонирхлынхоо талаар ярьдаг. Мөн 1960, 1970-аад он гээд үе үеийн төлөөллийг багтаасан үнэт цуглуулгаа сонирхуулдаг.
Залуус түүх өгүүлсэн эд зүйлийг сонирхох нь элбэг болсныг энэ чиг хандлага илтгэнэ. 14–28 насныхны худалдан авсан ийм төрлийн цагны тоо 2018 оноос хойш 44 хувиар өссөн байна.
Хуучин загварын цагийг цахим орчинд борлуулдаг “Teia Collective” дэлгүүрийн эзэн Лигийн хэлснээр тэдний 10 мянга орчим дагагчийн 45-аас дээш хувь нь “Z” үе юм. Ли хэлэхдээ “Залуус маш их дижитал орчинд өссөн. Тийм учраас хуучны эд зүйл сонирхох нь тэдний гараар хүрч мэдрэх, бодит зүйлийг хүсэх хүслийг улам нэмэгдүүлсэн” гэжээ.
Лигийн анзаарснаар залуус хуучны цагийг хүйс үл хамааран сонирхож байна. Эмэгтэй цаг гэж хувьдаа ангилсан байсан зүйлийг эрчүүд орж ирээд олон ч удаа худалдан авсан байдаг аж. Мөн эсрэгээрээ эмэгтэйчүүд ч эрэгтэй цаг асуух нь бий.
Худалдан авагчид заримдаа брэндээс илүү загварыг нь чухалчилдаг. Зарим тохиолдолд тэр цаг дэвшилтэт функцтэй эсэх нь ч чухал биш. Зарим үйлчлүүлэгч бүр ажиллахгүй байгаа цагийг хүртэл худалдан авдаг. Энэ нь гадаад төрхтэй холбоотой бөгөөд залуу үеийнхэн ийм төрлийн цагийг зүгээр л бугуйвч зориулалтаар гангарч зүүдэг болжээ.
Залуусын шинэ сонирхолд алдартнуудын нөлөө мэдээж маш их. Тухайлбал, “Academy Awards”-т Педро Паскал зэрэг зарим алдартан жижиг, эмэгтэйлэг загварын цаг зүүж ирсний дараа залуус дэлгүүрт тэдний зургийг барьж орж ирээд төстэй цаг хайх нь ихэсдэг аж.