COP18-ыг хүлээн авах Египет Улсад баяр хүргэж, хоёр хурлын залгамж холбоог хангахын чухлыг тэмдэглэв

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Дарга (President-Designate)  Б.Батцэцэг өнөөдөр Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Усны нөөц, усалгааны сайд Хани Севиламтай утсаар ярилаа. Тэрбээр COP17-д оролцох тус улсын төлөөлөгчдийн тэргүүн юм. 

Сайд Б.Батцэцэг Египет Улс конвенцын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, яриа хэлэлцээнд үнэтэй нэмэр оруулан, талуудын байр суурийг ойртуулах, харилцан зөвшилцөлд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд COP17 хурлын үеэр ус, гангийн асуудал болон газрын доройтлын харилцан уялдаатай асуудлаарх хэлэлцээ, бодит үр дүнд чиглэсэн шийдвэрүүдийг урагшлуулахад тус улсын дэмжлэг, оролцоо чухал болохыг онцлов.

Талууд COP17 хурлын хүрээнд өрнөх яриа хэлэлцээг үр дүнтэй явуулж, конвенцын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн бодитой үр дүнд хүрэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. 

Сайд Б.Батцэцэг Арабын Бүгд Найрамдах Египет Улс нь UNCCD COP18-ыг хүлээн авах гэж байгаад баяр хүргэж, COP17 болон COP18-ын залгамж холбоог хангах, конвенцын хүрээнд ус, газар, ган гачиг, уур амьсгалын өөрчлөлтийн харилцан уялдаатай сорилтыг шийдвэрлэх чиглэлээр хамтын ажиллагааг тууштай үргэлжлүүлэхийн чухлыг тэмдэглэв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн