“The MongolZ”-ийн ээлжит тэмцээн Казахстаны Астана хотод эхэллээ. Тэд тэмцээний эхний тоглолтоо “magic” багийн эсрэг хийж, 2-0 гэсэн харьцаатай буулган авав. Тоглолтын дараа “cobrazera” дараах ярилцлагыг өгчээ.

“The MongolZ” баг өнөөдөр/2026.05.10/ Оросын “Spirit” багийн эсрэг тоглоно.

-Эхний тоглолтдоо ялалт байгуулсанд баяр хүргэе. Гэхдээ өрсөлдөөнтэй тоглолт боллоо?

-Тэмцээндээ дасаж эхэлж байх шиг байна. Бид бараг нэг сар завсарлаж, нэг сар тэмцээнд орсонгүй. Тиймээс үүнийгээ зогсоож, эргэн тэмцээндээ оролцож байна.

-Сарын хугацаанд юу хийсэн бэ?

-Бид амарсан. Эмнэлэг, эрүүл мэнддээ анхаарах зэрэг хувийн ажлуудаа л амжууллаа. Астанад ирэхээсээ арав хоногийн өмнөөс л бэлтгэлдээ гарсан.

-Хаана бэлтгэлээ хийсэн бэ?

-Монголд Азийн багуудтай.

-Бэлтгэл хэр байсан бэ?

-Азийн багуудтайгаа олон тоглоогүй. Гэхдээ бага зэрэг сонин санагдсан. Тоглолтын арга барилаас эхлээд бүх зүйл өөр байсан.

-Багтаа нэгдээд багагүй хугацааг үдчихлээ. Одоо ямар байна?

-Сайн байгаа. Өөрийгөө сайжирч байгаа гэж харж байгаа.

-Нэгдүгээр зэрэглэлд тоглоод багагүй удлаа. Тэмцээний тал дээр ахиц гарсан гэж харж байна уу?

-Тийм ээ. Бүх зүйл өөрчлөгдсөн. Өрсөлдөгч багууддаа дасаж, тэдний тоглолтын арга барил гээд бүх зүйлийг мэдэж байна. Энэ л намайг сайжруулж байгаа байх. Нэгдүгээр зэрэглэлийн багуудтай тоглож, өөрийгөө дасгаж байна.

-“bLiz”-ийн хэлснээр багаа өмнөхөөсөө өөр болсон гэсэн. Энэ талаар ярих боломжтой юу?

-Тоглолтоос гадуур гэвэл бид өмнөхөөсөө илүү ойр болсон. Тоглолтын тухайд гэвэл бид тоглолтын арга барилаа ярилцсан. Энэ л бидний өөрчилж байгаа байх. Бид одоо өмнөхөөсөө өөрөөр тоглоно.

-Яаж вэ?

-Илүү бага алдаа гаргана. Бид бага алдаа гаргаж, хувийн зүйлүүдээ сайжруулахыг хичээнэ.

-Дасгалжуулагч “maaRaa”-гүй нэг хэсэг тэмцээнд оролцсон. Түүнийг эргэн ирэхэд ямар байна?

-Түүнийг ард зогсоход бүх зүйл дүүрээд л ирдэг. Харин байхгүй байхад нь хоосон санагдсан.

-Эхний тоглолтод өөрсдийн тоглолтоо гаргах гэж багагүй хугацаа шаардлаа. “Falcons”, “Spirit” зэрэг багуудын эсрэг бас ийм байх уу?

-Амар байхгүй. Гэхдээ бид хожихыг хичээнэ. Тэд бол амар өрсөлдөгчид биш. Бид улам хичээх болно.

-“The MongolZ” сүүлийн үед орон, гаран тоглож байна. Энэ тэмцээнд хэрхэх вэ?

-Бид илүү амжилт гаргана гэж харж байгаа. Учир нь бид амарлаа, хоорондоо ярилцлаа. Бид үүнийгээ мэдэж байгаа, мэдрэмж байна. Амарч, эрч хүч дүүрэн байна. Тиймээс Бухарестаас илүү амжилт гаргана.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх