БНСУ-ын “Starbucks”-ын ажилтнууд түүхийн хичээлд сууна

Өмнөд Солонгосын “Starbucks” компани өнгөрсөн сард Кванжүгийн бослогын ойн өдөр /2026.05.18/ “Tank Day” гэх урамшуулал зарласан нь олны шүүмжлэлд өртөж, бойкотын бай болсон билээ. Учир нь танк гэдэг үгээр 1980 оны Кванжүгийн бослогын үеэр гарч ирсэн танкнуудыг илэрхийлсэн гэж олон нийт үзсэн юм. Бодит байдал дээрээ танк гэдэг үгээр том хэмжээтэй аягыг илэрхийлсэн гэж компанийн зүгээс мэдэгдсэн.

Тэгвэл энэ явдалтай холбоотойгоор Өмнөд Солонгосын “Starbucks”-ын ажилтнууд ирэх долоо хоногт түүхийн хичээлд суух болжээ. Ажилтнууд сургалтад хамрагдах учир ирэх Лхагва гаригт орон даяарх бүх салбар 15:00 цагт үүдээ барина. Мөн “Starbucks Korea” дэлгүүрүүдийн бүх ажилчид түүхийн видео хичээлд хамрагдах болжээ.

Эргэн сануулахад, энэхүү алдаатай кампанит ажлын төлөө Өмнөд Солонгосын сүлжээний гүйцэтгэх захирал Сон Жон Хюн ажлаасаа халагдсан юм. Иргэдийн эсэргүүцэл, бойкотын дараа сүлжээний борлуулалт ч мэдэгдэхүйц буурчээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён “Starbucks”-ыг хүнлэг бус, ичгүүргүй үйлдэл гаргасан гэж дургүйцлээ илэрхийлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн