Кремлийн үнэнч зүтгэлтэн гэгддэг байсан блоггер Илья Ремесло гэнэт сөрөг хүчин болсон нь олон нийтийг гайхашруулаад байна. 42 настай хуульч асан тэрбээр Мягмар гаригт /2026.03.17/ телеграмдаа “Владимир Путиныг дэмжихээ больсон таван шалтгаан” нэртэй нийтлэл оруулжээ.
Тэрбээр нийтлэлдээ ерөнхийлөгч Путиныг эх орон элэг нэгтнүүдээ үхэж байж л төгсдөг дайнд илгээсэн гэж буруутгасан байна. Мөн эдийн засгийг сүйрүүлж, амьжиргааны түвшинг бууруулсан, интернет, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хяналтыг чангатгасан, авлига цэцэглэн хөгжих боломжийг олгосон гэж буруутгажээ.
Улмаар нийтлэлийнхээ төгсгөлд “Владимир Путин бол хууль ёсны ерөнхийлөгч биш. Тэр огцрох ёстой, дайны гэмт хэрэг, хулгайнхаа төлөө шүүхийн өмнө очих ёстой” гэж дүгнэсэн байна.
Тэрбээр телеграм дахь нийтлэлээс гадна “Agentstvo” хэвлэлд ярилцлага өгөхдөө ч Путиныг шүүмжилжээ. “Орост амьдрал сайжирна гэж өмнө нь итгэдэг байлаа. Гэвч эсрэгээрээ бүх зүйл дордсоор байна. Кремлийн хэн нэгэн миний энэ үзэл санааг Путинд уламжлах байлгүй” гэж тэр хэлжээ.
Оросын дайныг дэмжигч блоггерууд үе үе эрх баригчдыг шүүмжлэх нь бий. Гэсэн ч энэ удаагийн Ремеслогийн ил шулуун шүүмжлэл улс төрийн хүрээнд янз бүрийн таамаг үүсгэв.
Жишээлбэл, Кремлийг дэмжигч телевизийн нэвтрүүлэгч Владимир Соловёв түүнийг байр сууриа өөрчилсөн, эс бол сэтгэл санаа нь тогтворгүйтсэн байх гэжээ.
Харин Чеченийн удирдагч Рамзан Кадыровын Ахмат тусгай хүчний командлагч Апти Алаудинов түүнийг үргэлж л тайван, ухаалаг харагддаг нэгэн гэж тодорхойлсон байна. Ингээд ч зогсохгүй түүнийг барьцаалагдсан байх гэдэг санааг дэвшүүлжээ. Тэрбээр “Ремесло бол Навальныйг хорих ажиллагааны ард байсан гол хөдөлгөгч хүч. Өнөөг хүртэл миний ойлгож авснаар бол тэр Оросын талд бүрэн байсан. Түүний яг одоо хийж буй зүйл сэрэмжлэхээр л санагдаж байна. Өөрийнхөө хүсэл зоригоор бус ямар нэг байдлаар баривчлагдсан ч юм уу тиймэрхүү зүйл байгаа байх” гэжээ.
Цөллөгт байгаа сөрөг хүчин Леонид Волков Ремеслогийн гаргаж буй үйлдлийг өмнөхөөсөө 180 хэм өөрчлөгдсөн үйлдэл гэж тодорхойлжээ. Мөн агаар дээр ийм хурдан эргэлдэж байгаа хүн амьдралдаа харсангүй гэж ёжилсон байна. Ремесло энэхүү улаан шугам давсан үйлдлээрээ тун аюултай пандорагийн хайрцгийг нээлээ гэж тэр зүйрлэжээ.
Үнэхээр ч Ремеслог эртнээс нааш Кремлийн “дайрдаг нохой” гэж л олон нийт үздэг байв. Дэглэмийг шүүмжлэгчид болон идэвхтнүүдийн эсрэг хууль эрх зүйн үндэслэлтэйгээр тэмцдэгээрээ тэр алдартай. Хэдийгээр Кремлийн эсрэг дуу хоолой болж эхэлсэн ч Ремесло Оросоос явах бодолгүй байна. Гэр бүл нь ямар нэг аюул заналхийлэлд өртөхгүй л бол Ремесло Оросоос явахгүй аж. Мөн “Тэд Путиныг шүүмжилсэн хүн бүрийг шоронд хийнэ гэж байхгүй. Тэгвэл утгагүй шүү дээ” гэж тэр хэлсэн байна.