Хөлбөмбөгийн ДАШТ 2026
Өмнөд Африкийн шигшээ багийг Бафана Бафана хэмээн хочилдог. Энэ нь зулу хэлээр “хөвгүүд” гэсэн үг юм. Тэгвэл тэд өнөөдөр/2026.06.25/ Өмнөд Солонгосын шигшээ багийг 1-0 гэсэн харьцаатайгаар хожсоноор түүхэндээ анх удаагаа дэлхийн аваргын хасагдах шатанд шалгарлаа.
Тоглолтын цорын ганц хожлын гоолыг 63 дахь Тапело Масеко оруулж, ард түмнээ баярлуулав. Эхний үеэс л Өмнөд Солонгос бөмбөг илүүтэй эзэмшиж байсан ч Өмнөд Африкийн цөөн довтолгоо илүү аюул тарьж байсан юм. Энэ нь үр дүнгээ өглөө.
Тэмцээнийг Африкийн баг тааруу эхлүүлсэн. Тэд Мексикт хожигдож, дараа нь Чехтэй тэнцсэн. Тэрхүү тэнцээ “хөвгүүдэд” боломж олгосон гэлтэй.
Хэрэв энэхүү тоглолтод солонгосчууд тэнцэх эсвэл хожиход л хасагдах шатанд шалгарах байв. Харамсалтай нь, оноо алдлаа. Гэхдээ тэдэнд багахан ч гэсэн боломж бий. Хэсгийн шатанд гуравдугаар байр эзэлсэн хамгийн өндөр амжилттай найман баг цааш шалгарна. Азийн төлөөлөл гурван оноотой, -1 бөмбөгтэй явна. Бусад хэсгийн тоглолтууд дууссаны дараа тэдний хувь заяа шийдэгдэнэ.

Тоглолтын дараа Өмнөд Солонгосын дасгалжуулагч Хон Мюнбо дээрх хожигдолд хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Өмнөд Африкийн дасгалжуулагч Хюго Брус ярихдаа “Энэ мэдрэмжийг илэрхийлэхэд хэцүү юм. Гайхалтай тоглолт боллоо. Бид сайн тоглож, боломж үүсгэлээ. Тактикийн хувьд сайн бэлдэж, Өмнөд Солонгост хүссэн зайг нь өгсөнгүй. Гоол оруулснаас хойш 20 минут зүрхний хэмнэл дээд цэгтээ хүрлээ. Бидний сүүлийн таван жил хийсэн зүйлс гайхалтай байсан. Хамтдаа урт хугацаанд ажиллаж, тоглогч дасгалжуулагч гэдгээс илүүтэйгээр найзууд болсон. Бид энэ амжилтаа тэмдэглэх хэрэгтэй” гэв.