Морин хуурын эгшиг, хөөмийн хүчирхэг аялгууг хүнд рок хөгжимтэй хослуулан дэлхийн хөгжмийн тавцанд Монголын өв соёлыг таниулсан “The HU” хамтлаг байгуулагдсаны 10 жилийн ой тохиогоод байгаа билээ. Тэд энэ сарын 8-нд үзэгч, сонсогч нартайгаа уулзах тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж буй. Тэгвэл энэ удаагийн тоглолтын онцлог юу вэ, дэлхий нийтийн сонорыг мялаасан өдгөө 142 сая үзэлтийн хандалттай “Юу вэ, юу вэ” дуу хэрхэн төрсөн тухай, Дэлхийн тайзан дээр анх гарч тоглосон дурсамжийн талаар тус хамтлагийн продюсер, Гавьяат жүжигчин Б.Дашдондогтой ярилцлаа.
-Юуны өмнө “The HU” хамтлагийн 10 жилийн ой нь тохиож байгаад баяр хүргэе. Удахгүй наймдугаар сарын 8-нд тоглолт нь болох гэж байна. Бэлтгэл ажил нь ямархуу байна вэ?
-“The Hu” хамтлагийн 10 жилийн ойд зориулсан тоглолтын бэлтгэл ажил маш сайн үргэлжилж байна. Та бүхэн харж байгаа байх. Бид бүхэн тайзаа засаад үндсэн дуугаралтууд, чанга яригчийн хөглөлт зэргээ хийж байна. Дэлхийд алдартай чанга яригч, тайзны төхөөрөмжийн set up, холболт найруулгаа хийгээд дуусаж байна. “Skin entertainment”-ийн Анар манай тоглолтын найруулагчаар ажиллаж байгаа. Бид нар хамтдаа шинэ найруулга, шинэ дуугаралт, шинэ тоглолт гээд хүчирхэг, сүнслэг дуугаралтуудыг та бүхэндээ хүргэхэд бэлэн болсон байна.
-Энэ удаагийн тоглолтынх нь онцлог юу вэ?
-Энэ тоглолтын онцлог “THE HU” хамтлагийн 10 жил тоглосон тоглолтуудаас хамгийн урт нь болно гэж ойлгох хэрэгтэй. Гурван цомгоос нийт 27 дуу дуулагдана. Эдгээр 27 дууны тоглолт гэдэг бол нийтдээ хоёр цаг хагас, бараг гурван цаг шахуу тоглолт болно гэсэн үг. Бид өмнө нь 1 цаг, 1:30 цаг дандаа сэтүүд тоглодог байсан. Энэ удаа бид бараг гурван цагийн сэт тоглолт хийнэ. Үүгээрээ маш онцлог.
-Өдгөө 142 сая хандалт аваад байгаа “Юу вэ, юу вэ” дуугаараа “The HU” хамтлаг анх гарч ирж байсан шүү дээ. Тус дуу нь хэрхэн бүтэж байсан бэ?
-Бид дуугаа бүтээсний дараа баруун аймгуудаар 14–15 хоног аялж, нийт 5000 гаруй километр зам туулсан. Энэ хугацаанд баруун аймгуудынхаа үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газруудаар явж, хамтлагийнхаа дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дууныхаа дүрслэлд ашиглах гэрэл зургуудыг авч байсан. Энэ аяллыг хийж байхдаа бид байгалийнхаа бүх сайхан газрыг клиптээ оруулж, гадаадынханд харуулж үзүүлэх гэсэн зорилготой.
Энэ дууг гарснаас хойш гадаадын олон жуулчид тухайн газруудыг ирж үздэг болсон. Монголчууд ч өөрсдөө яг тэр газруудаар аялдаг болсон.
–Хэрэв Монголын уламжлалт хөгжмийг дэлхий дахинаа шинээр таниулах боломж олдвол алийг нь сонгох вэ?
-Морин хуур, товшуур хоёр “Хүннү рок” урсгалд хамгийн төгс зохицож байгаа хувилбар шүү дээ. Дээр нь цуур, хэл хуур, хэнгэрэг хөгжим байна. Үндэсний хөгжмүүд дийлэнх нь орсон гэж би ойлгож байгаа. Энэ хөгжмүүд дээрээ тоглолт хийхэд рок урсгал сайхан дугарна аа гэж би ойлгоод байгаа. Эд нарийгаа давамгай оруулаад байна.
-Энэ хүртэлх хийж байсан аялан тоглолтууддаа эргэн санахад “Монголын хөгжим үнэхээр дэлхийд хүрчээ” гэж бодогдуулсан тайз хаана байсан бэ?
-Залуучууд маань тайзан дээр гараад арслан, барс шиг болчихдог ш дээ. Энэ тайз сайхан, энэ тайз муухай гэж хэлэх ямар ч боломжгүй. Бид бүх тайзан дээр гараад л арслан барс шиг асаж, эр бяраа гайхуулж, эрэмгий зоригоо харуулж тайзан дээрээ хүчирхэг байж тоглодог.
-Хамгийн анх гадаадад аль улсын тайзан дээр гарч тоглолтоо хийж байв. Үзэгчид хэрхэн хүлээн авсан бол?
-Манай хамтлагийн оролцсон хамгийн анхны олон улсын фестиваль бол “Rock am Ring” байсан. Тухайн өдөр бид өглөөний 10:00 цагт тайзан дээр гарах хуваарьтай байлаа. Фестивалийг зохион байгуулагчид сүүлийн 10 жилийн хугацаанд өглөөний эхний тоглолтыг үзэхээр үзэгчид ингэж олноороо цугларч байсан тохиолдол гараагүй гэж хэлсэн.
Харин “The Hu” хамтлаг тайзан дээр гармагц үзэгчдийн талбай богино хугацаанд дүүрч, маш сайхан халуун уур амьсгал бүрдсэн.
Фестивалийн зохион байгуулагчдын нэг бидэнд “Та бүхэн энэ түүхийг шинэчилж, өглөөний тоглолтыг ийм олон үзэгчтэй болгосонд үнэхээр баяртай байна” хэмээн бахархалтайгаар хэлж байсан.
-“THE HU” хамтлагийг нэг үгээр илэрхийлвэл?
–Эрэлхэг, зоригтой, эрч хүчээр дүүрэн байж чаддаг.
-Уран бүтээлдээ баримталдаг гол зарчим?
-Өвөг дээдэс, байгаль дэлхий, аав ээж ийм л зүйлүүдээрээ голчилж уран бүтээлээ хийдэг.
-Сонсогч, шүтэн бишрэгч нартаа хандаж хэлэх үг?
-Манай хамтлагийг үргэлж сонсож, дэмжиж ирсэн үнэнч фенүүддээ чин сэтгэлээсээ баярлалаа.
Бидэнтэй хамт энэ 10 жилийг туулж, үргэлж урам өгч ирсэн та бүхэндээ талархаж байна.
Та бүхнийг наймдугаар сарын 8-нд болох 10 жилийн ойн тоглолтдоо хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү тоглолтын ерөнхий хамтрагчаар Хаан банк ажиллаж байгаа. Энэ жил Хаан банк үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ой тохиож байгаа бөгөөд бид 10 жилийн ойн тоглолтоо тэдэнтэй хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. Хаан банкны хамт олонд баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн Хаан банкны Digi Pay аппликейшнээр тоглолтын тасалбарыг эхний 1000 хэрэглэгчид 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой. Та бүхэн Digi Pay аппликейшнд хандан энэхүү хөнгөлөлтийн эзэн болоорой. Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсье. Наймдугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд уулзацгаая.
С.УЧРАЛ