Аварга, арсланг өвдөг шороодуулсан Б.Гончигсүрэн гэж хэн бэ?

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өчигдөр /2026.09.05/ Бөхийн өргөөнд боллоо. Уг барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Хилчин” спорт хорооны тамирчин, улсын начин Б.Гончигсүрэн найм даван түрүүлж, хоёр өрөө байраар шагнуулсан юм.

Тэрбээр улсын арслан Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай, Б.Бат-Өлзий, улсын аварга О.Хангай нарыг өвдөг шороодуулсан нь олны анхаарлыг татлаа.

Тэрбээр сэтгэгдлээ хуваалцахдаа “Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан чансаа өндөр 256 бөхийн барилдаанд түрүүлсэндээ маш их баяртай байна. Анх цолгүй залуу бөх, сумын заан, аймгийн начин гээд бөхийн өргөөнд зохион байгуулдаг бүх төрлийн барилдаанд түрүүлсэндээ баяртай байна. Сүүлийн хэдэн даваанд бүх өрсөлдөгч хүчтэй байлаа. Миний хувьд хүлээж, тайван барилдахыг хичээлээ. Одоо жүдо бөхийнхөө бэлтгэлийг хийгээд эхэлчихсэн байна. Азийн наадам болон ДАШТ-ндээ орохоор төлөвлөж байна. Энэ жил улсынхаа баяр наадмаар тунаж үлдээд улсын начин цол хүртсэн. Жүдо бөхөөр хичээллэдэг учраас тэр талын мэх хийж барилддаг. Ойрын зорилго маань жүдо бөхөөрөө Азийн наадам болон ДАШТ-ндээ орохоор зорьж байна” гэв.Батхуягийн Гончигсүрэн нь Архангай аймгийн Хотонт сумын харьяат, үндэсний бөхийн улсын начин цолтой бөх. Ингээд түүний амжилтаас дурдвал,

Улсын наадмын дэвжээнд

Он Амжилт Бөхийн тоо
2026 АХ-ын 105 жилийн ойн баяр наадамд улсын арслан Ц.Бямба-Отгоноор дөрөв, аймгийн арслан М.Баяржавхлангаар тав давж “Монгол улсын начин” цол хүртсэн. 1024

Аймгийн наадмын дэвжээнд

Он Амжилт Бөхийн тоо
2023 Говьсүмбэр аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн “Аймгийн начин” цол хүртсэн. 128
2026 Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн арслан Т.Төгсдөлгөөнөөр долоо давж түрүүлэн “Аймгийн арслан” цол хүртсэн. 128

Цэргийн наадмын дэвжээнд

Он Амжилт Бөхийн тоо
2026 Бүх цэргийн баяр наадамд долоо давж, аймгийн хурц арслан Д.Алтанцоожид өвдөг шороодон үзүүрлэж “Цэргийн заан” цол хүртсэн. 256

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн