Суданы баруун өмнөд хэсэгт байрлах эмнэлэг цохилтод өртсөнөөр дор хаяж 64 хүн амиа алдсаныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ. Нас барагсдын дунд 13 хүүхэд, хоёр сувилагч, нэг эмч болон бусад өвчтөн байжээ. Цохилтоос болж эмнэлгийн хүүхдийн тасаг, төрөх тасаг болон яаралтай тусламжийн хэсэг сүйдсэнийг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгдэв.
Эмнэлгийн барилгад Суданы арми цохилт өгсөн гэж Шуурхай туслах хүчин мэдэгдсэн ч армийнхан үүнийг үгүйсгэжээ.
Суданы арми болон хагас цэрэгжсэн Шуурхай туслах хүчин хоорондын мөргөлдөөн тус улсыг 2023 оноос хойш үймүүлж байна. Бараг гурван жил үргэлжилж буй мөргөлдөөнөөр эрүүл мэндийн байгууллагууд 200 гаруй удаа цохилтод өртөж, 2000 гаруй хүн нас баржээ. Суданы энгийн иргэд, эрүүл мэндийн ажилтнууд, хүмүүнлэгийн ажилтнуудыг хамгаалах цаг нь ирсэн гэдгийг ДЭМБ анхааруулж байна. Мөн “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэзээ ч цохилтын бай болж болохгүй. Энх тайван бол хамгийн шилдэг эм” гэж тус байгууллагын Тедрос Адханом Гебрейесус хэлжээ.