ӨМНӨГОВЬ: Уламжлалт сэргээн засах төв үйл ажиллагаагаа эхлүүллээ

Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 22 //. “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд уламжлалт сэргээн засах “Энэрэл хүний хөгжлийн төв”-ийг байгуулж, үйл ажиллагааг нь энэ сарын 26-ны өдөр эхлүүлэхээр төлөвлөжээ.

Төвийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлын явцыг Өмнөговь аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг газар дээр нь үзэж танилцсан байна.

Уламжлалт сэргээн засах төв нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, мэргэжлийн эмч, ажилтны багаар бүрдүүлсэн бөгөөд иргэдэд уламжлалт эмчилгээний цогц үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэж байгаагаараа онцлогтой, үр дүнтэй ажил болж байна.

Орон нутгийн төсвийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн уг төв нь 45 хүн хэвтэн эмчлүүлэх, өдөрт 10 хүнийг өдрийн эмчилгээнд хүлээн авах хүчин чадалтай юм.

“Энэрэл” уламжлалт сэргээн засах төв нь нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн эмч, ажилтантай бөгөөд уламжлалт анагаах ухааны чиглэлээр 21 нэр төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Мөн сэргээн засахын бүтэц, үйл ажиллагааны алдагдлыг оношлох, эмчлэх, хөдөлгөөн засал, хэл засал, усан эмчилгээ, хөгжлийг дэмжих зэрэг 13 нэр төрлийн цогц үйлчилгээг иргэдэд хүргэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн