ӨВӨРХАНГАЙ: Нийт аялагчдын 45.5 хувь нь гадаадын жуулчид байна

Арвайхээр, 2026 оны нэгдүгээр сарын 22 //.  Өвөрхангай аймагт 2025 онд 77719 жуулчин ирсэн нь өмнөх онтой харьцуулахад 13 мянган жуулчнаар нэмэгдсэн байна. Тэдгээрийн 45.5 хувийг гадаадын жуулчид эзэлж байгаа юм.

Ирж буй жуулчдыг нэг бүрчлэн тэмдэглэх боломжгүй учраас Хархорин сум дахь Эрдэнэзуу хийдийн бүртгэл, хураамжаар тооцдог. Тиймээс өнгөрсөн жил Эрдэнэзуу хийдийг 77719 жуулчин үзэж сонирхсон гэсэн үг.

Байгаль, түүх соёлын нөөцөд түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд Хужирт суманд “Монгол эсгий урлалын баяр”, Бат-Өлзий суманд “Сарлагийн баяр”-ыг зохион байгуулж, 1300 гаруй аялагч ирж үзсэний 60 хувь нь гадаад жуулчид байна.

Түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Арвагар хээр – Адууны баяр” фестивалийг Арвайхээр суманд анх удаа зохион байгуулсан бөгөөд  24 мянга гаруй дотоодын аялагч, амрагчид үзэж сонирхжээ.

Рашаан сувиллуудад түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Хужирт суманд үйл ажиллагаа явуулдаг Хан хужирт амралтын газар барилгын өргөтгөл хийж, 150 ороор нэмэгдүүлсэн ба Хужиртын рашаан сувиллууд 24965 амрагчид сувиллын үйлчилгээ үзүүлсэн юм.

Аймгийн аялал жуулчлалын салбарын нэгдсэн зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн дагуу байгалийн нөөц, соёлын өвүүдийг аялал жуулчлалын эргэлтэд оруулж эдийн засгийг тэлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, Эрдэнэзуу хийд болон Өндөр гэгээн Занабазарын намтар түүх, өв соёл, шүтээн урлалыг түгээн дэлгэрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн