Европын холбооны гишүүн орнуудын удирдагчид Унгарын эсэргүүцлээс болж Украинд зээлийн багц олгох тохиролцоонд хүрч чадаагүй байна. Холбооны удирдагчид Пүрэв гаригт (2026.03.19) Брюссель хотод дээд хэмжээний уулзалт хийсэн. Тэд Ойрхи Дорнодын нөхцөл байдал, Украинд үзүүлэх дэмжлэгийн талаар хэлэлцсэн байна. Удирдагчид Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас эрчим хүчний үнийн өсөлтийн талаар санал солилцсон. Тэд түүхий нефть, байгалийн хий болон бусад чулуужсан түлшний зах зээлээс хараат байдлыг бууруулах, эрчим хүчний тогтвортой хангамжийг хангахын тулд сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхээр тохиролцсон байна.
Украин улс энэ оны эхний хагаст санхүүжилтийн ноцтой хомсдолд орох төлөвтэй байгаа юм. Унгар улс хоёрдугаар сард Киевт олгох 90 тэрбум евро буюу 104 тэрбум орчим ам.долларын үнэтэй зээлийн багцыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Бусад холбооны гишүүн орны хувьд санал нэгдсэн хэвээр байгаа бөгөөд Пүрэв гаригт болсон хурлын үеэр Унгарын талыг ятгах гэж оролдсон байна. Гэсэн хэдий ч тус улс татгалзсан байр сууриа хадгалсан байна. Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, “Нэг удирдагч амлалтаа биелүүлээгүй тул зээл хаагдсан хэвээр байна” гэж хэлжээ. Гэсэн хэдий ч тэрбээр зээлийг аль нэг аргаар олгох болно гэж шийдэж байгаагаа илэрхийлэв.