ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 22 /TASS/. АНУ, Украины төлөөлөгчид Флорида муж улсад уулзаж, мөргөлдөөнийг зохицуулах тохиролцоонд хүрэхийн тулд зайлшгүй шийдэх шаардлагатай байгаа асуудлуудыг хэлэлцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф хэлэхдээ, зуучлагчийн хүчин чармайлтын хүрээнд явуулсан уг уулзалт үр дүнтэй болсон гэж мэдэгджээ. “Өнөөдөр АНУ, Украины төлөөлөгчид зуучлагчийн хүчин чармайлтын хүрээнд Флоридад үр бүтээлтэй уулзалт хийлээ. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтууд иж бүрэн энхийн хэлэлцээр байгуулахад ойртуулахын тулд үлдсэн асуудлуудыг шийдвэрлэх зорилготой” гэж С.Уиткофф X нийгмийн сүлжээнд мэдээлсэн байна.
Тэрбээр мөн үлдсэн асуудлуудыг шийдвэрлэх, дэлхийн нийтийн тогтвортой байдлыг хангахын тулд харилцаа холбоогоо үргэлжлүүлэх нь чухал гэдгийг онцлоод, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад хандан энэ ажилд гол үүргийг гүйцэтгэсээр байгаад талархал илэрхийлжээ.
АНУ-ын талаас уулзалтад Жаред Кушнер, Цагаан ордны ахлах зөвлөх Жош Грюнбаум, Төрийн департаментын улс төрийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Крис Карран нар, Украины талаас Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров, Владимир Зеленскийн тамгын газрын дарга Кирилл Буданов, “Ард түмний зарц” намын парламент дахь бүлгийн дарга Давид Арахамиа, Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Сергей Кислица нар оролцжээ.
Хоёр улсын төлөөлөгчид хэлэлцээгээ гуравдугаар сарын 22-нд үргэлжлүүлнэ гэж В.Зеленский мэдэгдсэн байна.