Л.Месси 900 дахь гоолоо оруулжээ

 АНУ-ын “Интер Майами” багт тоглож буй Аргентины довтлогч Лионел Месси хөлбөмбөгчний замналдаа 900 дахь гоолоо оруулжээ. 

Тэрбээр Хойд ба Төв Америк, Карибын сав газрын улсуудын хөл бөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ Алтан цомын төлөөх тэмцээний 1/8 шигшээд “Нэшвилл” багтай талбайдаа хийсэн тоглолтод гоол оруулжээ. Өдгөө 38 настай Л.Месси “Интер Майами” багийн бүрэлдэхүүнд тоглох хугацаандаа 81 дэх гоолоо хийсэн нь энэ юм. Тэрбээр мөн Испанийн “Барселона” багт байхдаа 672, Францын “Пари Сен-Жермен” багт 32, Аргентины шигшээ багт 115 гоол оруулсан байна. 

Месси гоол оруулсан ч “Интер Майами” шөвгийн наймд шалгарч чадсангүй. Эхний тоглолтод 0:0-ээр тэнцсэн бөгөөд “Нэшвилл” тус багийн талбайд хийсэн тоглолтод гоол оруулсан тул дараагийн шатанд шалгарлаа. 

“Алтан бөмбөг” шагналыг найман удаа хүртсэн Л.Месси 2023 оны зунаас хойш “Интер Майами”-д тоглож байгаа юм. Тэрбээр 2003-2021 онд “Барселона”-д тоглож байхдаа хамгийн олон буюу 35 удаа тэмцээнд түрүүлсэн байна. Тодруулбал, тус багийн бүрэлдэхүүнд 10 удаа Испанийн аварга болж, 8 удаа Супер цомыг өргөж, Испанийн цомд 7 удаа, Аваргуудын лигт 4 удаа, УЕФА-гийн Супер цомд 3 удаа, клубүүдийн ДАШТ-д 1 удаа түрүүлж байв.

Мөн Францын “Пари Сен-Жермен” багт тоглож байхдаа гурван том тэмцээн буюу Францын АШТ-д /2022, 2023/ хоёр удаа, Францын Супер цомд нэг удаа түрүүлжээ.

Тэрбээр клубийн түүхэнд оруулсан гоолын тоо, гоолын дамжуулалтын тоо болон тоглолтын тоогоор рекордыг эзэмшдэг. Месси Аргентины шигшээ багийн түүхэн дэх шилдэг довтлогч бөгөөд 2022 онд ДАШТ-д, 2022 онд Европын АШТ ба Америкийн цомын тэмцээнд түрүүлсэн багуудын хооронд болдог тэмцээнд /Финалиссима/, 2021 болон 2024 онд Америкийн цомын тэмцээнд, 2008 онд Олимпын наадамд, 2005 онд залуучуудын ДАШТ-д тус тус аваргалсан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн