Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг дэмжих “МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл”-ийг албан ёсоор эхлүүллээ.
ЦХИХХЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), МТҮП хамтран 2028 он хүртэл хэрэгжүүлэх төсөл нь мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих, бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, экосистемийг бэхжүүлж тогтвортой өсөлтийг хангах зорилготой юм. Төслийг танилцуулах уулзалтыг зохион байгуулах үеэр хамтын ажиллагааны 5 ажлын хэсгийг байгуулжээ.
JICA-гийн судалгаагаар манай улсын мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөгжлийг хангахын тулд салбарын экосистемийг цогцоор нь дэмжих шаардлагатай гэж дүгнээд, төслийг үндсэн 5 зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ. Ингэхдээ IT компанийн гадаад зах зээлд гарах чадавхыг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх, үндэсний, бүс нутгийн хурдасгуур хөтөлбөрөөр гарааны бизнесийг дэмжих, нээлттэй, их өгөгдөл (Big Data), хиймэл оюунд суурилсан бизнесийг хөгжүүлэхэд анхаарч, төр, хувийн хэвшил, стартап, холбогдох байгууллагатай хамтран ажиллахыг ЦХИХХЯ мэдээллээ.
Төсөл нь монголын ICT салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, олон улсын хамтын ажиллагааг үр дүнд хүргэх ач холбогдолтойгоос гадна МТҮП-ийг олон улсын жишгээр хөгжүүлэх зорилготой уялдаж байгаа ажээ.