Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 19 //. Монгол хүн сансарт ниссэн болон Монгол, Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 45 жилийн ойд зориулсан “Сансрын юм ярья” хүндэтгэлийн уулзалт, ярилцлага “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр боллоо.
Монгол Улс сансрын судалгаанд 1950-иад оны сүүлчээр дэлхийн анхны хиймэл дагуул хөөрч, 1960-аад оны эхээр хүн сансарт нисэж эхэлсэн үеэс оролцож ирсэн түүхтэй. 1960-аад оны дунд үеэс олон улсын “Интеркосмос” хөтөлбөрт нэгдэн орж, идэвхтэй оролцогч орны нэг болсон. Энэ оролцоо өргөжсөөр хамтарсан сансрын нислэг хэрэгжүүлэх түвшинд хүрсэн юм.
БНМАУ, ЗХУ-ын баатар, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа ярихдаа, “Хүн бүр тодорхой нэг өдөр юу хийж байснаа тэр бүр санахгүй ч 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр юу хийж байсан бэ? гэж асуувал олон хүн тэр өдрийг тод санаж, сэтгэл догдлон ярьдаг. Энэ нь тухайн үйл явдал хүний оюун санаанд хэр гүн үлдсэний тод илрэл юм” хэмээн тодотгов.
Мөн тэрбээр, “Энэ нислэгийн үр дүнд Монгол Улс сансарт хүнээ нисгэсэн дэлхийн арав дахь орон болсон. Түүнчлэн багаж төхөөрөмж бүтээх, турших, сансарт байрлуулах зэрэг олон чухал ажил хийж, түүхэн үйл явдлууд өрнөсөн. Өнөөдөр 45 жилийн дараа эргэн харахад тухайн үеийн үйл явдлыг биеэр мэдэрсэн хүмүүс цөөрчээ. Тэр үед Монгол Улсын Шинжлэх Ухааны Академид сансар судлалын тасаг байгуулж, сансрын судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан эрдэмтэд ажиллаж байв. Харин ШУА-ийн шийдвэрээр байгуулагдсан Сансар судлалын төв идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Бидний бахархал бол энэ үйл хэргийг үргэлжлүүлэх залуу эрдэмтэд олноор төрөн гарч буй явдал юм. Тэд алсын хараатай төлөвлөж, олон чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байна. Залуучуудын сансар огторгуйн эрэл хайгуулд тэмүүлэх хүсэл улам бүр нэмэгдэж байна. Манай улс төрийн бодлогоор хязгаарлагдахгүй, залуучууд өөрсдийн хүсэл зориг, санаачилгаар нэгдэн ажиллаж эхэлжээ. Тухайлбал, “Марс” хөтөлбөр, “Марс-Ви” зэрэг санаачилга хэрэгжүүлж байна. Мөн хиймэл дагуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компаниуд ч бий болж, сансрын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байна”гэв.
Монголын сансрын нислэгийн багийн гишүүн, МУ-ын үйлчилгээний гавьяат ажилтан, хурандаа С.Сайнцог ярихдаа, “Сансрын нислэгт бэлтгэнэ гэдэг анх бодоход тийм ч амар ажил биш санагдаж байлаа. Оддын хотхонд очиж, шинжилгээнүүд өгч байх үед монгол хүний бие организм сансрын нислэгийн хүнд нөхцөлийг хэрхэн давах бол гэсэн сонирхол, бас эргэлзээ төрж байсан. Тэр үед хүний бие организм жингүйдлийн орчинд хэрхэн дасан зохицох талаар дэлхий даяар өргөн хүрээтэй судалж байв. Бидний нислэг ч энэ судалгааны нэг хэсэг болж байсан юм. Иймээс сансарт нисэх бэлтгэлийг газар дээр нарийн сонгон шалгаруулалт, туршилтын үндсэн дээр хийдэг байлаа.
Сансрын нислэгт бэлтгэхэд мэргэжил, бие бялдар, оюун ухаан төдийгүй эр зориг онцгой чухал үүрэгтэй байсан гэж боддог. Хэдийгээр хүн анх сансарт нисснээс хойш хориодхон жилийн дараа монгол хүн сансарт ниссэн ч энэ хугацаанд туршилт, судалгаа, техник технологийн хөгжил тасралтгүй явагдаж байсан. Гэсэн хэдий ч тухайн үеийн сансрын хөлгүүдийг 99.99 хувийн найдвартай ажиллагаатай гэж үздэг байсан ч онолын хувьд тодорхой хэмжээний эвдрэл, эрсдэл гарах магадлал байсаар л байсан. Бүх зүйл төгс баталгаатай биш, тодорхой эрсдэл дагуулсан хэвээр байсан гэсэн үг. Ийм нөхцөлд сансарт нисэх, тэр эрсдэлийг даван туулах шийдвэр гаргана гэдэг нь үнэхээр зориг, баатарлаг чанарыг шаардсан үйл хэрэг байлаа. Тийм учраас тухайн үед ЗХУ болон Монгол Улс социалист орнууд сансрын нисгэгчдийг баатарлаг гавьяа байгуулсан хэмээн үнэлж, төрийн дээд шагналаар шагнаж байсан нь нүдээ олсон, өндөр ач холбогдолтой шийдвэр байсан” гэв.
УИХ, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Рэгдэл, “Сансрын нислэгийн орчин нь дэлхийн нөхцөлөөс эрс ялгаатай, маш өвөрмөц. Хүн төрөлхтөн дэлхий дээр үүсэж хөгжөөд ойролцоогоор 70 мянган жил болсон гэж үздэг. Энэ урт хугацаанд хүн төрөлхтөн зөвхөн дэлхийн татах хүчний орчинд амьдарч ирсэн. Харин сансарт гарснаар анх удаа жингүйдлийн орчинд орж, бие махбод цоо шинэ нөхцөлд дасан зохицох шаардлагатай болдог. Мөн жингүйдлийн улмаас тулгуур эрхтэн тогтолцоо, ясны системд өөрчлөлт ордог. Ясанд ачаалал ирэхгүй болсноор бие организм түүнийг шаардлагагүй гэж үзэж, яснаас кальци алдагдаж эхэлдэг. Үүний үр дүнд яс сийрэгжиж, удаан хугацаанд сансарт байсан хүний яс амархан гэмтэх, хугарах эрсдэлтэй болдог. Иймээс сансрын биологи, анагаах ухааны туршилт нь эдгээр өөрчлөлтийг судлах, багасгах, хүний биеийг хэрхэн хамгаалах, зохицуулах арга замыг тодорхойлох зорилготой байдаг. Харин чацарганатай холбоотой туршилтын хувьд, сансрын нислэгийн үед хүний бие дэх өөх тосны солилцоонд ямар өөрчлөлт гарахыг судалсан. Тосны хүчил задрах явцад чөлөөт радикалууд үүсдэг бөгөөд энэ нь эс, эдэд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Тиймээс уг туршилтаар эдгээр нөлөөг бууруулах, хамгаалах боломжийг судлах зорилго тавьсан” гэв.
Сүүлийн таван жилийн хиймэл дагуулын судалгааны үр дүнд, говь бүс нутгийг зургуудыг ажиглахад бүхэлдээ элсэн цөл мэт харагддаг ч, бодит байдал дээр говь нь маш баялаг экосистемтэй болох нь тогтоогджээ. Энэхүү зөрүүг тодорхой харуулахын тулд судлаачид хиймэл дагуулын зургийг налуу өнцгөөр авах аргыг судлан, шинжлэх ухааны үндэслэлтэй баталж, судалгааны өгүүлэл болгон хэвлүүлсэн байна.
Мөн Япон Улсаас нэвтрүүлсэн гиперспектрийн камерын технологийг монголд туршин ашиглаж эхэлсэн бөгөөд энэ нь ирээдүйд сансарт өөрсдийн хиймэл дагуулыг байршуулж, судалгааны багаж хэрэгслээ ашиглах боломжийг нээж өгч байгаа аж. Түүнчлэн, “MODIS” зэрэг хиймэл дагуулын системүүд дэлхий дахиныг өргөн зурвасаар ажиглан, их хэмжээний өгөгдөл цуглуулдаг байна. Судлаачид камерын технологи, өгөгдөл боловсруулалтын судалгааг тасралтгүй хөгжүүлснээр цаашид монголын сансрын төхөөрөмжийг ашиглах зорилготой ажиллаж байгаа юм.
