ХҮМҮҮС
Ираны дээд удирдагч Али Хаменеи АНУ-Израилийн хамтарсан цохилтоор амиа алдсаны дараа түүний хүү Можтаба Хаменеи дараагийн дээд удирдагч болсон. Түүний талаар “NEWS” агентлагийн ХҮМҮҮС буланд онцолж байна.
Ааваасаа ялгаатай нь 56 настай Можтаба Хаменеи олон нийтийн нүднээс далд байхыг илүүд үздэг байсан гэлтэй. Тэрбээр засгийн газрын ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүйгээс гадна нийтийн өмнө илтгэл тавьж, ярилцлага ч өгч байгаагүй. Түүний цөөн хэдэн гэрэл зураг, видео бичлэг ч цахим сүлжээнд тархсан байдаг. Гэхдээ Можтаба Хаменеи олон жилийн турш “далдаас” нөлөөллөө тогтоож байсан гэж шинжээчид үздэг байна. “WikiLeaks”-ээс 2000-аад оны сүүлээр нийтэлсэн АНУ-ын дипломат цахим ил захидлуудад түүнийг “нөмрөгөөр халхлагдсан жинхэнэ эрх мэдэлтэн” хэмээн тодорхойлсон байв. Харин “Associated Press” агентлаг нэгэн нийтлэлдээ Можтаба Хаменеиг Ираны дэглэм доторх чадварлаг, нөлөө бүхий хүн гэж өргөнөөр үнэлэгддэг гэж дурдсан байна. Цаашид тэрбээр Ираныг удирдах учир нэг зүйл хамгийн тод байна. Можтаба Хаменеи Ираны хувьсгалт гвардтай нягт холбоотой тул тэрбээр эцгийнхээ хатуу теократ (шашин-төрийг хослуулан захирах) засаглалыг үргэлжлүүлэх болно.
ДЭЭД УДИРДАГЧИЙН ХОЁР ДАХЬ ХҮҮ

Можтаба Хаменеи бол дээд удирдагч агсны зургаан хүүхдийн хоёр дахь нь. Тэрбээр 1969 онд Ираны зүүн хойд хэсэгт орших шийт мусульман шашинт Машхад хотод төрж, өссөн. Тухайн үед аав нь хаант засаглалын эсрэг боссон хувьсгалт зүтгэлтэн болж гарч ирж байв. 1979 оны хувьсгалын дараа Хаменеигийн гэр бүл Тегеран руу нүүжээ. Улмаар Али Хаменеи шинэ засгийн газарт батлан хамгаалахын сайдын орлогчоос ерөнхийлөгч, эцэст нь 1989 онд дээд удирдагч болж, цол хэргэм нь дээшилсэн. Харин энэ үеэр Можтаба Хаменеи Хувьсгалт гвардад элсэхээсээ өмнө элит Алави ахлах сургуулийг төгссөн байна. Тэрбээр Иран-Иракийн дайны сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчинд алба хааж, улс орныхоо аюулгүй байдлын албаны ирээдүйн гол тоглогчидтой харилцаа холбоо тогтоожээ.
Дараа нь Можтаба Хаменеи шашны чиглэлээр суралцах болсон нь түүнийг ариун Кум хотод аваачиж, хэт консерватив шашны номлогчдоос суралцан, тэдэнтэй харилцаа холбоо тогтооход хүргэсэн юм. Можтаба “хужжат аль-Ислам” хэмээх номлогч цолтой бөгөөд энэ нь “аятолла”-гийн ахлах цолноос доогуур байр суурь эзэлдэг. Учир нь түүний аав дээд удирдагч болсныхоо дараа л уг цолыг хүртсэн юм. Можтаба Хаменеи улс төрийн холбоогоо улам бэхжүүлсэн нь нэрт хатуу үзэлтэн болох талийгаач дээд удирдагчийн дотнын гишүүн гэгддэг парламентын дарга асан Голам-Али Хадад-Аделийн охин Захра Хаддад Аделтай гэрлэсэн явдал юм. Гэвч түүний эхнэр болон ээж, эгч, хүргэн ах нь аавынх нь хамтаар хоёрдугаар сарын 28-нд болсон цохилтын үеэр амиа алдсан гэж Ираны төрийн хэвлэлүүд мэдээлжээ.
ХӨШИГНИЙ АРДААС НӨЛӨӨЛЛӨӨ МЭДРҮҮЛЭХ НЬ

АНУ-ын Сангийн яам 2019 онд Дональд Трампын анхны бүрэн эрхийн засаглалын үед Можтаба Хаменеи болон түүний хадам аавд хориг арга хэмжээ авчээ. Тэднийг ямар нэгэн сонгуульд оролцож, төрийн албан тушаалд томилогдоогүй атлаа дээд удирдагчийг албан ёсоор төлөөлж ажилласан гэж АНУ үзсэн байна. Мөн Али Хаменеи өөрийн удирдлагын зарим үүргийг хүүдээ шилжүүлсэн гэж мэдэгджээ. АНУ-ын мэдээлснээр, Можтаба Хаменеи Исламын хувьсгалт гвард болон Басижийн командлагчидтай ойр ажиллаж, эцгийнхээ бүс нутгийн бодлого болон дотоодын хатуу арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцсон байна.
Түүнийг Ираны улс төрд, тэр дундаа ерөнхийлөгчийн сонгуулиудад нөлөөлсөн гэж олон удаа буруутгаж байсан.
Тухайлбал, Махмуд Ахмадинежад 2005 онд гэнэт хүчтэй гарч ирэхэд болон 2009 онд дахин сонгогдоход Можтаба нөлөөлсөн гэж үздэг. 2009 оны маргаантай сонгуулийн дараа засгийн газрын эсрэг томоохон эсэргүүцлийн жагсаал болсон. Үүнийг аюулгүй байдлын хүчнүүд, тэр дундаа Басиж хагас цэрэгжсэн бүлэг дарах ажиллагаа явуулжээ.
Тухайн үед зарим эсэргүүцэгчид “Можтаба, чи үхээсэй, дараагийн удирдагч битгий болоосой” гэж уриалан, хашхирч байв.
Мөн Мехди Карруби 2005 болон 2009 оны сонгуулийн үеэр “Эзний хүү” сонгуульд нөлөөлсөн гэж дээд удирдагчид захидал бичиж буруутгаж байсан. Харин Али Хаменеи үүнийг няцааж, “Тэр бол хэн нэгний хүү биш, өөрөө эзэн хүн” гэж өмгөөлж байжээ. Карруби 2011 онд сонгуулийн эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэргээр гэрийн хорионд орж, шүүхийн шийдвэргүйгээр 14 гаруй жил хоригдсон байна.
ГАЙХАЛТАЙ БИШ МАРГААНТАЙ СОНГОЛТ

Можтаба Хаменеиг дээд удирдагчаар томилсон нь хэдийн маргаан дэгдээгээд байна. Түүнийг дээд удирдагч болохоос өмнө Израилийн батлан хамгаалах хүчин байндаа авсан гэж анхааруулсан. Харин Ираны шинэ дээд удирдагчийг сонгох үйл явцад гар бие оролцохыг хүссэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Можтаба Хаменеиг “хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн билээ. “Тэд цагаа дэмий үрж байна. “Хаменеигийн хүү хөнгөн жингийнх шүү дээ” гэж Трамп өнгөрсөн долоо хоногт “Axios”-д өгсөн ярилцлагынхаа үеэр тохуурхсан юм.
Улмаар эсэргүүцэлтэй нүүр тулсан Ираны шинэ сонголт нь Ойрхи Дорнодын энэ мөргөлдөөн шийдвэрлэгдэх шатандаа ороогүй, харин ч урт зам хүлээж байгааг илэрхийлж байж магадгүй.
Түүхий нефтийн зах зээл өнгөрсөн Ням гаригт мөргөлдөөний “хариу урвалыг” үзүүлж, 100 ам.доллар даваад байна. Иранчууд үүнээс ч өмнө эдийн засгийн нөхцөл байдлыг эсэргүүцэж, дэглэмийг өөрчлөхийг уриалж, засгийн газрын үхлийн аюултай дарамт шахалтыг өдөөсөн. Улмаар Хаменеигийн дараа Хаменеи удирдагч болсон нь иргэний эсэргүүцлийг дахин өдөөж магадгүй.
САНХҮҮГИЙН НӨЛӨӨ БА ХӨРӨНГИЙН СҮЛЖЭЭ

Можтаба Хаменеитэй холбоотой олон улсын санхүү, үл хөдлөх хөрөнгийн өргөн сүлжээ байдаг талаар “Bloomberg” агентлаг нэг жилийн турш судалж, мэдээлсэн байна. Судалгаанд үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, нууц бизнесийн баримт бичиг болон барууны тагнуулын эх сурвалжуудын мэдээллийг ашиглажээ. Үүнд Можтаба Хаменеигийн санхүүгийн сүлжээ Их Британи, Европын зарим улс болон Персийн булангийн бүс нутагт тархсан байдаг. Эдгээр хөрөнгө ихэвчлэн зуучлагч болон “shell” компаниудын нэр дээр бүртгэгдсэн тул түүний бодит хөрөнгийн хэмжээ тодорхойгүй хэвээр байна. Зарим тооцоогоор түүний хувийн хөрөнгө гурван тэрбум ам.доллар давж магадгүй гэж үздэг. Судалгаанд Лондоны хойд хэсгийн тансаг гудамж болох “Bishop’s Avenue” (“Billionaire’s Row” гэж нэрлэгддэг)-д байрлах хэд хэдэн харш Можтаба Хаменеигийн хөрөнгийн сүлжээнд холбоотой байж магадгүй гэж дурдсан. Эдгээр харшийн нэг нь л гэхэд 45 сая ам.доллар хүрч байсан бөгөөд өндөр хамгаалалттай хаалга, хяналтын системтэй. Ихэнхдээ эзэнгүй шахам байдаг бөгөөд нийт үнэлгээ нь 130 сая ам.доллараас давдаг гэж тооцогджээ. Гэхдээ эдгээр үл хөдлөх хөрөнгө Можтаба Хаменеин нэр дээр бүртгэлгүй. Харин Их Британийн хоригт орсон Ираны газрын тосны бизнесмен Али Ансаритай холбоотой “shell” компаниудын сүлжээгээр дамжин эзэмшилд нь байдаг.
Судалгаагаар мөн Дубайн тансаг дүүрэгт байрлах вилла, Германы Франкфурт болон Испанийн Мальорка арал дахь өндөр зэрэглэлийн зочид буудлуудтай ямар нэгэн холбоо байж магадгүй гэж дурдсан.
Канадын Торонтод байрлах “Four Seasons Private Residences” цогцолборын пентхаус 2020 онд 10.5 сая канад доллараар зарагдсан бөгөөд энэ сүлжээтэй холбоотой баримт бичгүүд ч илэрсэн байна. Мөн Парист байрлах барилгын нэг хэсэг 2023 онд зарагдсан талаар дурджээ. Эдгээр хөрөнгөтэй холбоотой санхүүгийн гүйлгээнүүд Их Британи, Швейцарь, Лихтенштайн болон Арабын нэгдсэн Эмират улсын банкнуудаар дамжсан бөгөөд эх үүсвэр нь Ираны газрын тосны орлого байж магадгүй гэж тайланд дурдсан.
Шинжээчдийн үзэж байгаагаар Можтаба Хаменеи Ираны дотоод болон гадаад дахь олон эдийн засгийн хөрөнгөд нөлөөтэй. Тухайлбал, “Washington Institute for Near East Policy”-ийн шинжээч Фарзим Нандинигийн хэлснээр, Можтаба Хаменеи санхүүгийн зуучлагчдын сүлжээгээр дамжуулан олон байгууллагад нөлөө үзүүлдэг бөгөөд Али Ансари түүний гол санхүүгийн төлөөлөгчдийн нэг байж магадгүй аж.
Можтаба Хаменеин хувийн хөрөнгө нь Ираны дээд удирдагчийн системтэй холбоотой нийт эдийн засгийн хүчний зөвхөн нэг хэсэг. Олон арван жилийн турш Ираны дээд удирдагч байсан Али Хаменеи ойролцоогоор 95 тэрбум ам.долларын үнэлгээтэй эдийн засгийн сүлжээг хянадаг байсан гэх мэдээлэл бий. Энэхүү системийн чухал байгууллагын нэг нь “Execution of Imam Khomeini’s Order” буюу “Сетад” юм. Энэ байгууллага 1980-аад онд Ираны хувьсгалын дараа хураагдсан эсвэл эзэнгүй үлдсэн хөрөнгийг удирдах зорилгоор байгуулагдсан бөгөөд хожим банк, харилцаа холбоо, эм үйлдвэрлэл, эрчим хүч, үл хөдлөх зэрэг олон салбарт хөрөнгө оруулалттай томоохон конгломерат болсон.
Ираны дээд удирдагчийн албан тушаал нь зөвхөн улс төрийн эрх мэдэл төдийгүй асар том эдийн засгийн сүлжээг хянах боломжийг олгодог. Хэрэв Можтаба Хаменеи энэ байр суурийг бататгавал Ираны улс төр, эдийн засгийн томоохон байгууллага, шашны сангууд болон олон улсын хөрөнгийн сүлжээний хяналт түүний гарт төвлөрөх боломжтой гэж шинжээчид үзэж байна.