Жоан Лапорта дахин “FC Barcelona”-ийн ерөнхийлөгчөөр сонгогдов

Испанийн хөлбөмбөгийн нэр хүндтэй клуб болох “FC Barcelona”-ийн ерөнхийлөгчөөр  Жоан Лапорта гурав дахь удаагаа сонгогдсон талаар клубийн сонгуулийн хороо албан ёсоор мэдээллээ. Ням гаригт /2026.03.15/ болсон санал хураалтын дүнг өнөөдөр өглөө танилцуулсан бөгөөд Лапорта нийт сонгогчдын 68.18 хувийн саналыг авч үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Сонгуулийн эцсийн дүнгээр Жоан Лапорта 32,934 санал авч тэргүүлсэн бол түүний гол өрсөлдөгч, бизнес эрхлэгч Виктор Фонт 14,385 санал буюу 29.78 хувийн санал авчээ. Мөн 984 саналын хуудас хүчингүйд тооцогдсон байна. Энэ удаагийн сонгуульд клубийн гишүүд буюу “сосиос”-ууд идэвхтэй оролцож, удирдлагын ирэх жилүүдийн бодлого, хөгжлийн чиглэлийг тодорхойлох чухал үйл явдал болсон юм.

Өдгөө 63 настай Жоан Лапорта анх 2003 онд “FC Barcelona” клубийн ерөнхийлөгчөөр сонгогдож, 2010 он хүртэл ажилласан билээ. Түүний эхний бүрэн эрхийн хугацаанд клуб спортын амжилтаар онцгой оргил үедээ хүрч, Испанийн дээд лиг болох “La Liga”-д зургаан удаа түрүүлж, “Copa del Rey” цомыг гурван удаа хүртсэн. Мөн Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “UEFA Champions League”-т хоёр удаа түрүүлж, “UEFA Super Cup” болон “FIFA Club World Cup” тэмцээнүүдэд тус бүр нэг удаа аваргалсан амжилттай.

Лапорта 2021 онд дахин сонгогдон клубийн ерөнхийлөгчийн албыг хүлээн авсан бөгөөд энэ хугацаанд клуб санхүүгийн хүндрэлээс гарах, багийн бүтцийг шинэчлэх, залуу тоглогчдыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж ирсэн. Тэрбээр клубийн эдийн засгийг тогтворжуулах, шинэ стадионы төслийг хэрэгжүүлэх, багийн өрсөлдөх чадварыг сэргээх зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлээд байгаа юм. Сонирхуулахад, Жоан Лапорта болон Виктор Фонт нар өмнө нь 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд мөн өрсөлдөж байсан бөгөөд тухайн үед ч Лапорта ялалт байгуулж байв. Харин энэ удаагийн сонгуулийн үеэр Фонт ялсан тохиолдолд багийн ахлах дасгалжуулагч, Германы мэргэжилтэн Ханси Флик клубийг орхиж магадгүй гэсэн мэдээлэл гарч байсан. Харин Лапорта дахин сонгогдсоноор Флик гэрээний хугацаа дуустал “FC Barcelona” багийг удирдан ажиллах магадлал өндөр гэж спортын эх сурвалжууд үзэж байна.

Ийнхүү Лапортагийн гурав дахь бүрэн эрхийн хугацаа эхэлж байгаа бөгөөд түүний удирдлага дор “FC Barcelona” клуб Европын болон Испанийн хөлбөмбөгийн тавцанд дахин хүчирхэг өрсөлдөгч болох зорилт тавьж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн