Шэнь Миньжуань: БНХАУ ирэх таван жилд эдийн засгаа хурдтай өсөлтөөс чанартай өсөлт рүү чиглүүлсэн

, 2026 оны гуравдугаар сарын 13БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо жил бүр зохион байгуулдаг Хоёр чуулган өндөрлөсөнтэй холбогдуулж БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тус чуулганы үр дүнгээр ЭСЯ-ны байрандаа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв.

Шэнь Миньжуань: БНХАУ ирэх таван жилд эдийн засгаа хурдтай өсөлтөөс чанартай өсөлт рүү чиглүүлсэн

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань мэдээллийн эхэнд хэлэхдээ, “Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны чуулганыг хамтатган Хоёр чуулган хэмээн нэрлэдэг бөгөөд Хятадын улс төрийн амин чухал үйл ажиллагаа юм. Тус чуулганд дотоодын өнцөг булан бүрээс ирсэн, нийгмийн давхарга бүрийн төлөөлөгчид нэг дор цуглаж, улс орны өмнө тулгарч буй асуудлыг нэгтгэн хэлэлцдэг. Мөн олон улсын тавцанд Хятад улсын бодлого, хөгжлийн чиг хандлагыг ойлгуулах, судлан таниулах, ирэх жилүүдэд ямар боломж бий болох, түүнийг хэрхэн ашиглах бололцоог бүрдүүлдэг гэдгээрээ онцлог” хэмээн онцлов.

Элчин сайд Шэнь Миньжуань цааш хэлэхдээ, “БНХАУ өнгөрсөн хугацаанд XIV дүгээр таван жилийн төлөвлөгөөг бүрэн дүүрэн, төлөвлөсөн зорилтынхоо хүрээнд хэрэгжүүлсэн. Тус хугацаанд эдийн засгийн жилийн дундаж өсөлт 5.4 хувьтай гарч байв. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятад улсаас оруулж буй 30 орчим хувийн хувь нэмэр хэвээр хадгалагдсан гэсэн үг. Энэ мэт жин дарсан бодит үзүүлэлт нь XV дугаар таван жилийн төлөвлөгөөг боловсруулахад бат бөх суурь нь боллоо.

Ирэх таван жилийн төлөвлөгөөнд 20 үндсэн үзүүлэлтийг дэвшүүлсэн бөгөөд тухайлбал, 2035 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 30 мянга болон түүнээс дээш ам.доллар байна хэмээн тооцсон. Энэхүү үзүүлэлт нь 2020 онд 10 мянган ам.доллар байсан гэвэл Хятад улс XIV дугаар таван жилд эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгалах шаардлагатай болж байгаа юм. Товчдоо бол, Хятад улс хэдийнэ асар том эдийн засагтай орон болсон. Иймд эдийн засгийн хөгжлийнхөө үзүүлэлтийг хурдтай өсөлтөөс чанартай өсөлт рүү чиглүүлсэн” гэлээ.

Шэнь Миньжуань: БНХАУ ирэх таван жилд эдийн засгаа хурдтай өсөлтөөс чанартай өсөлт рүү чиглүүлсэнЭлчин сайд түүний дараагаар Хятад улсын XIV дугаар таван жилийн төлөвлөгөө дэлхий нийтэд ямар мессеж өгч байгаа болохыг тайлбарласан юм. Юуны түрүүнд, тус улсын төрийн бодлого тогтвортой, залгамж чанараа хадгална. Хоёрдугаарт, санхүү, эдийн засгийн хувьд тэсвэрлэх чадвартай буюу урт хугацаанд сайжрах чиг хандлагаа өөрчлөхгүй. Гуравдугаарт, ХКН нэгтгэн удирдах чадамжтай хэвээр байна. Дөрөвдүгээрт, дэлхийн хөгжил дэвшлийг ахиулах шинэ боломжуудыг тасралтгүй бүрдүүлэх аж.

Үүний зэрэгцээ тус улсын XIV дугаар таван жилийн төлөвлөгөө Монголд Улсад ямар боломж бүрдүүлж буй талаар ярилаа. Хятадын тал Монгол Улстай боомт, дэд бүтэц, хил гааль, хорио цээр, эрүүл ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, банк санхүү зэрэг салбарт хамтран өргөн боломж бийг Элчин сайд яриандаа тэмдэглэв. Түүний зэрэгцээ энэ жил Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг дэмжиж ажиллахаа хатагтай Шэнь Миньжуань илэрхийлэв.

Нэг үгээр хэлбэл, Хятадын тал Монголын талтай хөгжил дэвшлийн замд хамтдаа зэрэгцэн урагшлахад үргэлж бэлэн гэдгээ Элчин сайд ярианыхаа төгсгөлд хэллээ.

Шэнь Миньжуань: БНХАУ ирэх таван жилд эдийн засгаа хурдтай өсөлтөөс чанартай өсөлт рүү чиглүүлсэн

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн