Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” 20 дахь жилдээ энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болж байна.
Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ аймгаас 30 гаруй бүргэдчин оролцох бол Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Киргиз Улс, Испани, Унгар, ОХУ-аас 16 тамирчин оролцож байгаа юм.
Бүргэдийн баярыг тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулдаг. Тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээрээ суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Эндээс уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, дээл хувцасны өнгө загвар зэргийг шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчин шалгаруулдаг. Энэ үеэр казах үндэстний урлагийн тоглолт, хувцас хэрэглэлийн худалдаа, хоол үйлчилгээ, казах үндэстний гэрт зочлон өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маягтай ойроос танилцах боломжтой.

“Бүргэдийн баяр-2026” наадмыг НАЖГ, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо хамтран зохион байгуулахад ССАЖЗЯ, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар дэмжиж ажиллажээ.
Ташрамд сонирхуулахад, махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг бөгөөд Төв Азийн нүүдэлчид бүргэдээр ан хийх уламжлалаа 6000 жилийн өмнөөс хадгалж иржээ. Энэ уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд албан ёсоор бүртгүүлсэн билээ.
