ХҮМҮҮС
АНУ, Израилийн Иран дахь ажиллагааны үеэр дээд удирдагч Аятолла Али Хаменеи нас барсан нь Тегеранд эрх мэдлийн төлөө өрсөлдөөнийг эхлүүлээд байна. Иранчууд дараагийн удирдагчаа хараахан томилоогүй байгаа ч одоогоор эрх мэдлийн хоосон орон зайг Үндэсний аюулгүй байдлын дээд албан тушаалтан Али Ларижани нөхөж байгаа бололтой. Аятолла Али Хаменеи амь үрэгдсэн тохиолдолд дэглэмийг авч үлдэх итгэмжлэгдсэн цөөн хэдэн хүний нэг гэх Али Ларижаниг Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцоллоо.
Ираны улстөрч, Исламын хувьсгалт гвардын корпусын офицер асан Али Ардашир Ларижани 1958 онд тухайн үеийн Иракын хаант улсын нийслэл Нажаф хотод мэндэлжээ. Түүний эцэг эх иран перс гаралтай бөгөөд 1931 онд тухайн үеийн удирдагч Реза шахын дарамтаас болж Нажаф руу нүүж байсан гэдэг. Гэхдээ тэд 1961 онд Иранд буцаж иржээ. Али Ардашир Ларижанигийн эцэг нэр нөлөө бүхий шашны зүтгэлтэн Мирза Хашем Амоли гэгч байв.
Тэрбээр Кумын шашны семинарыг төгссөн. Мөн тухайн үеийн Аряамер технологийн их сургууль буюу одоогийн Шарифын технологийн их сургуульд компьютерийн шинжлэх ухаан, математикийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Харин мастер, докторын зэргээ Тегераны их сургуульд барууны философийн чиглэлээр хамгаалсан байна.
Ларижани нь Иммануэл Кант, Саул Крипке, Дэвид Льюис нарын тухай ном бүтээл хэвлүүлжээ. Мөн тэрбээр Тегераны их сургуулийн Утга зохиол, хүмүүнлэгийн сургуулийн факультетын гишүүн.
Түүний улс төрийн замналаас тоймловол, Ларижани 2008-2020 оны хооронд Ираны парламентын спикерээр ажиллаж байлаа. Мөн хоёр ч удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан түүхтэй. Эхний удаад нь 2005 онд нэр дэвшсэн ч зургадугаар байранд орж байсан бол 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өргөдөл гаргаад бүтээгүй. Харин Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн даргын албан үүргийг 2025 оноос хашиж байгаа бөгөөд 2026 оны хоёрдугаар сарын 22-ноос эхлэн Ираны де факто удирдагчаар нэрлэгдээд байна.
Али Хаменеи амь үрэгдсэнээс хойш Али Ларижаниг хэвлэлүүд Ираны албан бус хүчирхэг эрхэм, АНУ-д сургамж өгөх албан тушаалтан зэргээр онцлов.
ИРАНЫ КЕННЕДИ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН

Ларижани Ираны дээд албан тушаалд гарсан нь гэнэтийн алхам байв. Хаменеи болон түүний өмнөх дээд удирдагч Рухолла Хомейни хэн хэн нь шийт исламын шашны ахлах зүтгэлтнүүд байсан. Гэтэл Иракт төрсөн Ларижани шашны зүтгэлтэн биш. Ларижани бол шашны болон улс төрийн нөлөө ихтэй том гэр бүлийн гишүүн. Тэдний гэр бүлийг “Time” сэтгүүл 2009 онд “Ираны Кеннеди гэр бүл” гэж нэрлэж байжээ
Түүний эцэг нь агуу аятолла цолтой, дээд зиндааны шашны удирдагч байсан. Мөн нэг ах нь аятолла цолтой, Ираны шүүх засаглалын тэргүүн байсан бол нөгөө ах нь гадаад бодлогын ахмад зүтгэлтэн бөгөөд Али Хаменеигийн зөвлөх байлаа. Эндээс харвал Ларижанигийн гэр бүл шашин, улс төрийн элит давхаргад гүнзгий байр суурьтай. Тийм учраас энэ гэр бүлээс Хаменеигийн залгамжлагчийг нэрлэж магадгүй гэх таамаг ч нэгэн үе гардаг байжээ.
Тэр байтугай Али Ларижанигийн хадам аав Мортеза Мотаххари нь 1979 оны хувьсгалын үеэр Рухолла Хомейнитай дотно нөхөрлөдөг байсан гэдэг.
Гэхдээ Али Ларижани гэр бүлээсээ үл хамааран Ираны улс төрийн системийн дагуу эрх мэдэлд хүрчээ.
Философийн чиглэлээр боловсрол эзэмшсэн Ларижани 30 орчим насандаа Ираны Соёлын сайд болж байв. Аятолла Хаменеи 1994 онд түүнийг Ираны төрийн санхүүжилттэй телевизийн даргаар томилсон бөгөөд Ларижани тэндээ 10 жил ажиллажээ. Энэ хугацаандаа тэр Ираны дэглэмийн эсрэг нэвтрүүлгүүдийг хянаж, засгийн газрыг дэмжин ажилладаг байв.
ЧАДВАРЛАГ ХЭЛЭЛЦЭЭЧ

АНУ, Израиль улсууд Иранд цохилт өгснөөс 24 цагийн дараа Ларижани үндэсний телевиз болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийсэн. Тэрбээр “АНУ, Израиль улсууд иран үндэстний зүрхийг шатаалаа. Бид тэдний зүрхийг шатаах болно. Бид Израилийг дэмжигч гэмт хэрэгтнүүд болон ичгүүргүй америкчуудыг үйлдлээрээ харамсуулах болно” гэж мэдэгджээ.
Энэ мэт догшин мэдэгдлийг Ларижани өмнө нь огт хийж байгаагүй. Харин ч түүнийг карьерынхаа туршид ОХУ, Хятад, тэр бүү хэл АНУ-тай харьцаж байсан чадварлаг хэлэлцээч гэдэг.
Гэхдээ энэ удаад Ларижани АНУ-тай хэлэлцээ хийхийг хүсэхгүй байна. Трамп өнгөрсөн Ням гаригт “The Atlantic” сэтгүүлд ярилцлага өгөхдөө Ираны удирдагчид ярилцахыг хүсч байгаа, бид удахгүй хэлэлцээ хийнэ гэсэн билээ. Ларижани энэ мэдэгдлийг няцааж, тийм зүйл болохгүй гэжээ.
Парламентад ажиллаж байх хугацаандаа Ларижани Ираны АНУ, Хятад, Орос, Герман, Их Британи, Франц гэх дэлхийн зургаан гүрэнтэй байгуулсан “JCPOA” цөмийн хэлэлцээрт голлох үүрэг гүйцэтгэжээ. Гэвч Трамп 2018 онд анхны бүрэн эрхийн хугацаандаа уг хэлэлцээрийг цуцалсан юм.
Ларижани 2020 онд Ираны Хятадтай байгуулсан 25 жилийн стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг хариуцахаар томилогдсон бөгөөд уг хэлэлцээрийг дараа жил нь эцэслэн баталжээ. Ираны эрчим хүчний салбарт 400 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх амлалттай тус гэрээний ачаар Ларижани 2021 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр оролдсон. Гэвч Ираны Хамгаалалтын зөвлөл түүний нэр дэвших эрхийг гэнэтийн байдлаар түдгэлзүүлжээ. Аятоллагийн томилсон зургаан исламын шашны зүтгэлтэн, парламентын зургаан хууль тогтоогчоос бүрдсэн тус байгууллага шийдвэрийнхээ шалтгааныг дурдаагүй.
Ларижанигийн охин АНУ-д амьдардаг, Их Британийн паспорттой учир Хамгаалалтын зөвлөл ийм шийдвэр гаргасан гэх таамаг ч тухайн үед гарчээ. Мөн дэглэмийн давуу эрхтэй нэр дэвшигч Эбрахим Раисигийн замыг цэвэрлэхийн тулд ийм шийдвэр гаргасан ч байж магадгүй аж. Эргэн сануулахад, Эбрахим Раиси тухайн үедээ ерөнхийлөгч болсон ч гэлээ 2024 онд нисдэг тэрэгний ослоор нас барсан билээ.
Ларижаниг Москва дахь Хаменеигийн хүн гэх нь ч бий.
Тэрбээр Москвад удаа дараа айлчилж, тухай бүртээ Хаменеигийн Путинтэй харилцах элч адил аашилж байсан гэдэг.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Израилийн урхинд орсон гэж хурцаар шүүмжилж буй Ларижани өдгөө Исламын хувьсгалаас хойших хамгийн ширүүн цаг үетэй тулгараад байна. Хаменеигийн үхлийн дараа Ираныг удирдах гурван хүний бүрэлдэхүүнтэй шилжилтийн зөвлөлийг тодорхойлсон. Уг зөвлөл нь ерөнхийлөгч, шүүх засаглалын тэргүүн, Хамгаалагчдын зөвлөлийн нэг хуульч гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Ларижанид тэдэнтэй хамтарч ажиллаж байна.

None