Кабул хотод Ням гаригийн (2026.03.01) үүрээр хүчтэй дэлбэрэлт, буун дуу гарсны дараа Пакистаны сөнөөгч онгоцнууд руу гал нээсэн гэж Афганистаны эрх баригчид мэдэгджээ. Өдгөө Ойрхи Дорнодын бүс нутагт тогтворгүй байдал эрчээ авсан тул тус хоёр улс мөн адил мөргөлдөөнд оролцох эрсдэлтэй байна. Тодруулбал, Талибаны засгийн газар Кабул хотын дээгүүр нисэж байсан Пакистаны онгоцнуудыг агаараас хамгаалах хүчээрээ онилсон гэж мэдэгдсэн. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч оршин суугчдад санаа зовох хэрэггүй гэж зөвлөсөн байна. Гэхдээ Пакистаны сөнөөгч онгоцнуудын онилсон бай болон хүний амь нас эрсэдсэн зэрэг мэдээлэл өгөөгүй байна. Пакистан улсын хувьд мөн адил тодорхой тайлбар хийгээгүй байгаа аж.
Энэхүү мөргөлдөөний эхлэл нь өнгөрсөн долоо хоногт Пакистан улс Афганистаны нутаг дэвсгэрт агаарын цохилт өгсөнтэй холбоотой.
Пакистаны зүгээс уг халдлагаараа зэвсэгт бүлэглэлийн дэд бүтцийг онилсон гэж тайлбарласан байна. Харин Афганистан тус улсын үйлдлийг бүрэн эрхт байдалд халдсан үйлдэл гэж буруутган, хилийн дагуу хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Улмаар хоёр орны хооронд хурцадмал байдал улам нэмэгдэж байна. Пакистаны хувьд улсад нь халдлага үйлддэг “Техрик-и-Талибан Пакистан” (TTP) бүлэглэлийн дайчдад Афганистан улс орогнол үзүүлж байна гэж буруутгаж байна. Гэсэн хэдий ч Афганистан уг мэдэгдлийг үгүйсгэж, өөрийн газар нутгийг бусад улсын эсрэг ашиглуулахгүй гэж мэдэгджээ.
Пакистан улс “Гхазаб Лил Хак” нэртэй цэргийн ажиллагаа эхлүүлсэн гэдгээ мэдэгдэж, Афганистаны цэргийн постуудыг устгасан гэж мэдээлсэн байна.
Тухайн хоёр улс халдлагуудын үеэр нэгэндээ их хэмжээний хохирол учруулсан гэж мэдэгдэж байгаа ч тодорхой мэдээлэл хомс хэвээр байна. Пакистан болон Афганистан нь ойролцоогоор 2,600 километр хиллэдэг. Улмаар өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн мөргөлдөөн нь ноцтой зөрчил болж, урт хугацааны зэвсэгт мөргөлдөөн үүсэх вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлжээ. Катар, Саудын Араб зэрэг хэд хэдэн улс тайван байхыг уриалж, зуучлах санал гаргасан байна. Мөн Орос, Хятад, Европын холбоо болон НҮБ-ын зүгээс Афганистан, Пакистаныг хэлэлцээ хийхийг уриалжээ.
Пакистаны батлан хамгаалахын сайд нөхцөл байдлыг “нээлттэй дайн” гэж тодорхойлсон бол Афганистаны дотоод хэргийн сайд энэхүү мөргөлдөөн маш их хохиролтой байж болзошгүйг анхааруулсан байна.