Аятолла Али Хаменеи нас барсан гэж АНУ мэдэгдэв

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи АНУ болон Израилийн эхлүүлсэн цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан гэж Дональд Трамп мэдэгдлээ. Тэрбээр “Truth Social” платформд нийтэлсэн мэдэгдэлдээ, Хаменеиг “түүхэн дэх хамгийн хорон санаат хүмүүсийн нэг” хэмээн нэрлэж, АНУ өндөр түвшний тагнуулын болон нарийн хяналтын систем ашиглан, Израильтай нягт хамтран ажиллагаа явуулсан гэж бичжээ. Тэрбээр энэхүү цэргийн ажиллагааны зорилго нь Иранд дэглэмийн өөрчлөлт хийх явдал гэж мэдэгдсэн.

Мөн энэ нь Ираны ард түмэнд улсаа буцаан авах хамгийн том боломж гэж онцолсон байна.

Түүний хэлснээр Ираны Хувьсгалт гварди (IRGC), цэргийн болон аюулгүй байдлын зарим хүчнийхэн цаашид тулалдахыг хүсэхгүй, АНУ-аас дархан эрх хүсэж магадгүй аж.

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху өмнө нь Хаменеи амьд байхаа больсон гэх “олон шинж тэмдэг” байгаа гэж мэдэгдсэн бөгөөд Израилийн албаныхан түүний цогцсыг олсон гэж хэвлэлд мэдээлжээ.

Цэргийн ажиллагаа Бямба гаригийн (2026.02.28) өглөө пуужин болон агаарын цохилтоор эхэлсэн бөгөөд энэ нь Ойрхи Дорнодод шинэ бүс нутгийн мөргөлдөөнийг эхлүүлээд байна. Трамп Ираны “олон дээд удирдагч” мөн амь үрэгдсэн гэж хэлжээ.

Хаменей 1989 оноос хойш Ираны дээд удирдагчаар ажиллаж байсан бөгөөд улс төр, шашны хамгийн нөлөө бүхий хүн байв. Түүний нас барсан тохиолдолд Ираны Шинжээчдийн чуулган шинэ дээд удирдагчийг сонгох ёстой ч зарим шинжээчид Хувьсгалт гварди эрх мэдлийг төвлөрүүлэх магадлалтай гэж үзэж байна. Израилийн цохилтоор Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэд хэдэн удирдагч амь үрэгдсэн гэж мэдээлсэн. Израиль ойрын өдрүүдэд ийм төрлийн объектуудад цохилт өгөхөө үргэлжлүүлнэ гэжээ. Харин Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи “NBC News”-т өгсөн ярилцлагадаа Хаменеи болон ерөнхийлөгч Масуд Пезешкиан нар амьд байгаа “гэж өөрийн мэдэх хэмжээнд” хэлсэн байна.

Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр эхний цохилтуудын үеэр 201 хүн амиа алдаж, 747 хүн шархадсан бөгөөд тэдний дунд сургуулийн 80 гаруй хүүхэд байжээ.

Ираны албаныхан АНУ-ын довтолгоонд гайхаагүй бөгөөд хариу үр дагавар нь “урт хугацааны, өргөн хүрээтэй” байх болно гэж мэдэгдсэн. Хувьсгалт гварди АНУ-ын бүс нутаг дахь бүх бааз, ашиг сонирхолд цохилт өгнө хэмээн анхааруулсан байна. Мөн Иран АНУ-ын цэргийн баазууд, тэр дундаа Бахрейн дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн тавдугаар флотын төв, Израилийн орон сууцны бүсүүд болон Персийн булангийн бусад орнууд дахь зарим объектуудад пуужин, дроноор цохилт өгсөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн