АНУ-ын Тэнгисийн цэргийн Тавдугаар флотын төв байрны ойролцоох талбай цохилтод өртжээ
Иран улс Бахрейн дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазад цохилт өгсөн гэж мэдэгджээ. Энэ нь АНУ болон Израилийн явуулж буй “өргөн хүрээтэй” халдлагын хариу арга хэмжээ гэж тайлбарлаж байна.
Бахрейны нийслэл Манама хот дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн Тавдугаар флотын штабын ойролцоо өтгөн хар утаа суунаглаж байгаа нь харагдсан байна. Хохирлын хэмжээ тодорхойгүй бөгөөд АНУ одоогоор тайлбар хийгээгүй байна. Бүс нутгийн бусад орон болох Арабын Нэгдсэн Эмират, Катар, Йордан болон Кувейт улсууд өөрсдийн нутаг дэвсгэр рүү чиглэсэн пуужингуудыг замд нь устгасан гэж мэдэгдэв. Эдгээр бүх улсад АНУ-ын цэргийн баазууд байрладаг. Катарын нийслэл Доха хотод Батлан хамгаалах яамнаас нь бүс нутаг дахь АНУ-ын хамгийн том бааз болох Аль-Удейд агаарын баазыг чиглэсэн хэд хэдэн пуужинг амжилттай сөнөөсөн гэж мэдэгджээ.
АНУ Ойрх Дорнодод нийт 13 орчим цэргийн баазтай бөгөөд тэдгээрт 30 мянгаас 40 мянга орчим цэрэг байрладаг.
Бахрейн улс Бахрейн тэнгисийн цэргийн дэмжлэгийн үйл ажиллагаа хэмээх албан ёсны нэртэй АНУ-ын тэнгисийн цэргийн бааз халдлагад өртсөнийг баталжээ. Тус бааз нь мина устгах болон хангалтын хөлгүүд зэрэг усан онгоцнуудад үйлчилгээ үзүүлдэг.
Ираны Исламын хувьсгалт гвардын корпус (IRGC) “Үнэнч Амлалт 4” нэртэй ажиллагааны хүрээнд АНУ-ын бааз, хөрөнгийг онилсон гэж мэдэгдсэн байна.
Энэ нь Бямба гаригт (2026.02.28) Иран улсад АНУ болон Израилийн зүгээс хийсэн цохилтын хариу арга хэмжээ юм. Тухайн халдлагын үеэр Ираны удирдлагатай холбоотой байршлуудыг онилсон бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын ард түмнийг засгийн газрынхаа эсрэг босохыг уриалжээ. Түүнчлэн Ираны батлан хамгаалахын сайд Амир Насирзаде болон Хувьсгалт гвардийн командлагч Мохаммед Пакпур нар Израилийн дайралтад амиа алдсан гэж Израилийн цэргийн ажиллагааны талаарх мэдээлэлтэй хоёр эх сурвалж болон бүс нутгийн нэг эх сурвалж мэдэгдсэн байна.
Израилд Бямба гаригт орон даяар агаарын довтолгооны дохио дуугарч, Иран олон удаагийн пуужин харвасан гэж армийнхан мэдэгдсэн байна. Израилийн агаарын хүчин тэдгээрийг замд нь устгах ажиллагаа явуулж байна. Хөрш Йордан улс нутаг дэвсгэр рүү нь чиглэсэн хоёр баллистик пуужинг сөнөөсөн бөгөөд хүний амь нас хохирсон тохиолдол гараагүй гэж мэдэгджээ.
Арабын Нэгдсэн Эмират улс Ираны баллистик пуужингийн “ил тод халдлагад” өртсөн ч агаарын довтолгооноос хамгаалах систем нь хэд хэдэн пуужинг амжилттай устгасан гэж мэдээлсэн байна. Абу Дабид пуужингийн хэлтэрхий орон сууцны бүсэд унаж, материаллаг хохирол учруулж, нэг энгийн иргэн амиа алдсан байна. Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи АНУ болон Израилийн халдлагыг “ямар ч өдөөн хатгалгагүй, хууль бус” хэмээн буруутгасан байна.
Мөн Ираны зэвсэгт хүчин ямар ч мөргөлдөөнд бэлэн байгаа бөгөөд довтлогчдод зохих хариуг өгнө гэж тэрбээр мэдэгдлээ.