Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан аравдугаар сарын 30-нд 2027 оны төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэж, дараагийн шатанд шилжүүллээ. Сангийн яамны мэдээлснээр, гишүүд эхлээд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав.
Төсвийн дөрвөн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Төсвийн байнгын хороо хуралдааныхаа үеэр нийт 10 багц санал боловсруулжээ. Үүнд хуулийн төсөл татаж авсантай холбогдуулан УИХ-ын гишүүдийн дэмжсэн саналын дагуу төсөлд өөрчлөлт оруулах, урсгал болон хөрөнгийн зардлын хооронд зохицуулалт хийх, хөрөнгө оруулалтын төсөл, үйл ажиллагааны нэрийг өөрчлөх, зарлагын хэмжээг нэмэхгүйгээр хөрөнгийн зардлын хооронд зохицуулалт хийх, хөрөнгө оруулалтын төсөл, үйл ажиллагаанаас урсгал зардалд шилжүүлэх зохицуулалт багтсан. Мөн Үндэсний баялгийн сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх санал тусгагдсан байна.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эдгээр зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн тул дөрвөн хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. УИХ 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг анх хэлэлцсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Төсвийн хүрээний мэдэгдлээс “ОТ” кодтой төслүүдийг хасах санал дэмжигдэв
Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Уг төслийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг танилцуулсан.
Засгийн газар “Оюутолгой” ХК-иас нийт 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэхтэй холбогдуулан өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдэх тухай хуулийн төслөө татан авсан. Иймд хамтарсан хуралдаанаас Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд тусгасан “ОТ” код бүхий хөрөнгө оруулалтын төслүүдийг хасах, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх орлогыг нэмэх зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулжээ. Засгийн газар уг хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдвэрлэсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Хамтарсан хуралдаанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул уг хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод шилжүүлжээ.
