Ромын пап XIV Лео уушгины хорт хавдраар оношлогдож, улмаар аравдугаар сарын 13-ны өдөр мэс засалд орсон билээ. Тус мэс заслаар түүний баруун уушгины доод хэсэгт байсан хавдрыг амжилттай авчээ.

Өдгөө 71 настай пап XIV Лео хэдийгээр саяхан мэс засалд орсон ч Өмнөд Америк дахь төлөвлөсөн айлчлалуудаа хийнэ гэж Ватикан мэдэгдэв. Тэрбээр ирэх сард Уругвай, Аргентин, Перу улсуудаар айлчлах аж. Төлөвлөгөө ёсоор бол эдгээр гурван улсын нийт 10 хотоор айлчилна.

Айлчлал ирэх сарын 8-нд Уругвайгаас эхлэх бөгөөд тус улсын нийслэл Монтевидео болон бусад гол хотоор зочилно. Үүний дараа 11-17-ны өдрүүдэд Аргентинд айлчилж, нийслэл Буэнос Айрес тэргүүтэй хэд хэдэн хотоор орох юм. Цаашлаад хүн амынх нь 76 хувь нь католик шашинтай Перу улсад пап Лео зургаан өдрийг өнгөрүүлнэ. Пап Лео Перугийн иргэншилтэй бөгөөд тэнд хэдэн жил амьдарч байсан юм.

Эргэн сануулахад, пап Лео аравдугаар сарын 11-ний өдөр уушгины мэс заслын тухай мэдээгээ олон нийтэд анх дуулгасан юм. Хавдрыг эрт үед нь илрүүлсэн тул хянах боломжтой байгаа гэдгийг тэр тайлбарлаж байв. Мэс засал 90 орчим минут үргэлжлээд пап Лео аравдугаар сарын 17-нд эмнэлгээс гарчээ. Пап Леогийн эрүүл мэндэд одоо ямар ч асуудал байхгүй тул айлчлалдаа хэвийн явж болно гэдгийг түүний мэс засалч Стефано Маргаритора хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх