Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хэрэгжүүлж буй төрийн айлчлалын хүрээнд талууд энэ сарын 23-нд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 10 баримт бичиг байгуулав.

“Боловсрол, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Финланд Улсын Засгийн газар хоорондын хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Финланд Улсын Боловсролын сайд Андерс Адлеркройц нар гарын үсэг зурав. Тунхаглалын хүрээнд талууд биеийн тамир, спорт, боловсролын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүн амын биеийн хөдөлгөөний идэвхийг дэмжихэд чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Энэхүү хамтарсан тунхаглал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улсын боловсрол, спортын салбарын хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, байгууллага хоорондын харилцаа, туршлага солилцоог өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

“Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Финланд Улсын Туркугийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Финланд Улсын Туркугийн их сургуулийн ректор, профессор Марьо Каартинен нар гарын үсэг зурав.

“Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Финланд Улсын Зүүн Финландын их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Финланд Улсын Зүүн Финландын их сургуулийн сургалт эрхэлсэн проректор, профессор Лаура Хирсто нар гарын үсэг зурав. Энэхүү баримт бичгийг байгуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд шалгарсан суралцагчдыг Туркугийн их сургууль болон Зүүн Финландын их сургуульд суралцуулна. Зүүн Финландын их сургуульд жил бүр 5 хүртэлх монгол оюутныг бакалавр, магистрт элсүүлэн суралцуулах бөгөөд Боловсролын яам болон Боловсролын зээлийн сангаар дамжуулан боломжийг нээж байгаа болно.

Түүнчлэн талууд суралцах ухаан (learning science), тархи судлал (neuroscience), хүүхдийн цогц хөгжил, боловсролын дата аналитик, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээний чиглэлээр хамтарсан судалгаа хийнэ. Мөн Монгол Улсын Боловсролын их сургууль болон Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн Бүгд Найрамдах Финланд Улсын дээрх их сургуулиудтай хамтран багшийн боловсролыг шинэчлэх, байгууллагын чадавхыг бэхжүүлнэ.

“Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей болон Финландын Үндэсний музей хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын “Чингис хаан” Үндэсний музейн ерөнхий захирал, академич С.Чулуун, Финландын Үндэсний музейн ерөнхий захирал Элина Анттила нар гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд талууд музейн үйл ажиллагаа, цуглуулга, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж, олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар, форум хамтран зохион байгуулна. Хоёр музейн албан ёсны түншлэл нь Улаанбаатар болон Хельсинки хотуудын хооронд, түүнчлэн бүс нутгийн илүү өргөн хүрээг хамрах хамтран дэглэсэн үзэсгэлэн гаргах боломжийг бүрдүүлнэ. Монголын нүүдэлчдийн өв соёл (үүнд морьтны соёл, эсгий урлал, Монголын эзэнт гүрний өв гэх мэт) нь Скандинав болон Европын үзэгчдийн сонирхлыг ихээхэн татах бол, Финландын балар эртний хүмүүс, Арктикийн амьдралын хэв маяг, Фин-Угор соёлын тухай үзэсгэлэн нь Монголын үзэгчдэд Хойд Европын соёл иргэншилтэй танилцах онцгой боломжийг олгоно.

“Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Финланд Улсын Эдүтэн ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын яамны Гадаад харилцааны газрын дарга Б.Энхбаяр, Бүгд Найрамдах Финланд Улсын Эдүтэн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Анри Мууримаа нар гарын үсэг зурав. Туркугийн их сургуулиас салбарлан гарсан Эдүтэн ХХК-ийн хиймэл оюун болон суралцахуйн аналитикт суурилсан цахим платформыг Монголын ерөнхий боловсролын бүх сургуулийн бага, дунд, ахлах ангийн хичээлд нэвтрүүлж, өргөжүүлэх боломжийг бий болгоно.

“КиВа үе тэнгийн дээрэлхэлийн эсрэг хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх тухай Монгол Улсын Боловсролын яам, Зүрх сэтгэлийн боловсрол ТББ болон Бүгд Найрамдах Финланд Улсын Туркугийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын яамны Гадаад харилцааны газрын дарга Б.Энхбаяр, Зүрх сэтгэлийн боловсрол ТББ-ын ерөнхий захирал Ц.Алтансор, Бүгд Найрамдах Финланд Улсын Туркугийн их сургуулийн ректор, профессор Марьо Каартинен нар гарын үсэг зурав. Санамж бичгийг байгуулснаар Туркугийн их сургууль болон Бүгд Найрамдах Финланд Улсын Боловсрол, соёлын яамны хамтран боловсруулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх, турших болон түгээн дэлгэрүүлэх боломжийг нээж байгаагаар онцлог юм.

“Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хөвсгөл аймаг болон Бүгд Найрамдах Финланд Улсын Лапланд муж хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзий, Бүгд Найрамдах Финланд Улсын Лапланд мужийн Бүс нутгийн захирагч Ханну Таккула нар гарын үсэг зурав. Энэхүү баримт бичгийн хүрээнд хоёр улсын бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор талууд мэдлэг, сайн туршлагыг харилцан солилцоно. Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд цаа бугын аж ахуй, тогтвортой аялал жуулчлал, өвлийн аялал жуулчлал, байгаль хамгаалалд онцгойлон анхаарна.

“Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Финландын Худалдааны танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-т Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Финландын Худалдааны танхимын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Юхо Ромакканиеми нар гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд талууд худалдаа, хөрөнгө оруулалт, зах зээлийн боломжуудын талаарх мэдээлэл харилцан солилцохоос гадна бизнесийн төлөөлөгчдийн айлчлал, худалдааны мисс, бизнес форум, үзэсгэлэн, яармаг зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулна. Мөн хоёр орны компаниудыг холбох (business matchmaking), харилцан сонирхсон салбаруудад бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах юм. Энэхүү санамж бичиг нь Монгол, Финландын хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн шууд харилцаа, түншлэлийг бэхжүүлэх, хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

“Хонка Лог Хоум” ХХК болон “Хонкарэкэннэ” компани хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-т “Хонка Лог Хоум” ХХК-ийн захирал Б.Энхбаяр, “Хонкарэкэннэ” компанийн гүйцэтгэх захирал Магнус Хиндстрём нар гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсад 20 жилийн турш хамтран ажилласан туршлагадаа тулгуурлан эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй финланд дүнзэн барилгын шийдлийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Мөн орон сууц, сургууль, цэцэрлэг, аялал жуулчлал болон нийтийн зориулалттай барилгын төслүүдэд байгалийн гаралтай материалын хэрэглээг нэмэгдүүлэх, техникийн мэдлэг, туршлага солилцох, барилгын зураг төсөл, угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах юм. Энэхүү санамж бичиг нь Финландын барилгын технологи, туршлагыг Монголын зах зээлийн онцлог, хэрэгцээтэй уялдуулан чанартай, эрчим хүчний хэмнэлттэй барилгын шийдлийг нэвтрүүлэх, иргэдийн амьдрах, суралцах, ажиллах таатай орчныг бүрдүүлэх, хоёр орны хувийн хэвшлийн урт хугацааны түншлэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

“Бичура Энержи” ХХК болон “Полар Найт Энержи” компани хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Бичура Энержи” ХХХ-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэдорж, “Полар Найт Энержи” компанийн Технологи хариуцсан захирал Маркку Илөнэн нар гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсад дулааны эрчим хүч хуримтлуулах технологийг нэвтрүүлэх боломжийг судалж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, үйлдвэрийн болон төвлөрсөн дулаан хангамжийн шийдлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Энэхүү санамж бичиг нь Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг дэмжих, эрчим хүчний найдвартай байдлыг бэхжүүлэх, хоёр улсын цэвэр эрчим хүчний салбарын технологи, инновац, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх