Хэт боловсруулсан хүнс их хэрэглэдэг хүмүүсийн тархины судас гэмтсэн байх магадлал өндөр, мөн биеийн өөхний хэмжээ их байдаг талаар судалгаагаар тогтоожээ. Канадын 8,700 гаруй хүнийг хамруулсан уг судалгааны дүнг “JAMA Network Open” сэтгүүлд аравдугаар сарын 15-нд нийтэлсэн байна.

Судалгаанд 35–69 насны, зүрх судасны өвчний түүхгүй 8,783 хүн оролцжээ. Судлаачид тэдний хооллолт, биеийн өөхний хэмжээ, тархины MRI шинжилгээ болон ой санамж, сэтгэн бодох чадварыг үнэлсэн байна.

Судалгааны үр дүн

Үр дүнд нь хэт боловсруулсан хүнс хамгийн их хэрэглэдэг хүмүүст тархины судасны гэмтлийн шинж тэмдэг илрэх магадлал хамгийн бага хэрэглэдэг хүмүүсийнхээс 40 хувиар өндөр байжээ. Тархины MRI шинжилгээгээр цусны урсгалын асуудлаас үүдсэн жижиг гэмтэл болон тархины эдийн өөрчлөлт илэрсэн байна.

Эдгээр гэмтэл нь ой санамж, сэтгэн бодох чадварт өөрчлөлт мэдрэгдэхээс өмнө үүсэж болох юм. Цаашид цус харвах зэрэг эрүүл мэндийн асуудлын эрсдэлтэй холбоотой байж болзошгүй аж.

Биеийн өөх ба танин мэдэхүйн чадвар

Мөн хэт боловсруулсан хүнс их хэрэглэдэг хүмүүсийн биеийн өөхний хэмжээ харьцангуй бага хэрэглэдэг хүмүүсийнхээс дунджаар 1.7 нэгж хувиар өндөр байжээ. Түүнчлэн дотор эрхтнүүдийн эргэн тойронд хуримтлагдсан өөхний хэмжээ их байсан ч элэгний өөхний хэмжээнд мэдэгдэхүйц ялгаа илрээгүй байна. Харин ой санамж, анхаарал төвлөрөл болон мэдээлэл боловсруулах хурдыг шалгасан сорилын дүнгээр хоёр бүлгийн хооронд тогтвортой ялгаа гараагүй байна.

Судлаачид хүнсний хэрэглээг хэмжсэн аргаас хамааран үр дүн өөр байсан тул дүгнэлтийг болгоомжтой тайлбарлах шаардлагатайг онцолжээ. Өөрөөр хэлбэл, хэт боловсруулсан хүнс тархины судасны гэмтлийг шууд үүсгэдгийг уг судалгаа батлаагүй бөгөөд зөвхөн эдгээрийн хооронд хамаарал байж болохыг харуулсан байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх