Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдэл Монголд нэмэгдэж байгаа тул Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн Ажлын алба өнөөдөр тусгай хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээ үерийн эрсдэлийг бууруулах инновац болон шинэ технологийн шийдэлд чиглэв.
Жилд дунджаар 55 орчим удаа тохиолдож байсан цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл сүүлийн жилүүдэд 80 орчим болж өссөн. Тиймээс Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулав.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян үг хэлэхдээ гамшгийн эрсдэлийг бууруулах, ялангуяа уур амьсгал, ус, цаг уурын гаралтай аюулыг удирдахад шинжлэх ухааны судалгаа, инновац, дэвшилтэт технологийг ашиглах шаардлагатайг онцолсон. Тэрбээр барилга байгууламж, дэд бүтцийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, иргэдийн даван туулах чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг үргэлжлүүлэхээ илэрхийлэв.
Хэлэлцүүлэгт ОБЕГ-ын бүтцийн нэгжүүд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, БОУАӨЯ, Усны газар, УЦУОСМХ, ШУА-ийн Газарзүй гео экологийн хүрээлэн, ШУТИС-ийн барилга архитектурын сургууль, Барилга усны барилга байгууламжийн судалгаа хөгжлийн төв, нийслэлийн Засаг даргын тамгын газар, НОБГ болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон.
Энэ үеэр “Бүү бас” үер, усны ослоос урьдчилан сэргийлэх аяны үр дүн, үерийн инженерийн хамгаалалтын байгууламжийн төлөвлөлт, нөхцөл байдал, инновац, шинэ технологийн шийдэл зэрэг сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Гамшгийн өдөрт холбогдох өмнөх арга хэмжээтэй уялдаатайгаар санал зөвлөмж гаргахаар төлөвлөсөн.
