УИХ-ын дарга С.Бямбацогт Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулсан “Дулаанбаатар” аяны уулзалтаар дулаалгагүй гэр, амины сууцыг халаахад дулаан ихээр алдагдаж эдийн засгийн хохирол учруулдгийг онцолсон байна.

Хувийн хэвшлийн санал болгож буй технологиор стандартын дагуу сайн дулаалснаар халаалтын зардлыг 60-70 хувь хэмнэх бүрэн боломжтой. Үүнийг шөнийн хямд тарифтай хослуулснаар цахилгаан халаалтын төлбөр нүүрс худалдан авах өртгөөс бага гардаг.

“Дулаан шийдэл II”, “ЧИП” төслийн хүрээнд өрхийн дулаалгын үнийн дүнгийн 50-60 хувийг буцалтгүй санхүүжүүлж өгдөг. Одоогоор нийслэл, орон нутагт 7000 гаруй өрх энэ төслийн тусламжтай дулаалгын хялбар шийдлийг нэвтрүүлж, нүүрсний хэрэглээгээ багасган, дотоод орчны агаарын чанараа сайжруулжээ.

Уулзалтын үеэр иргэд цахилгааны төлбөр их гардаг, нарны панель суулгах анхны хөрөнгө оруулалт их байгааг шүүмжилж, гэр хорооллын зам, гэрэлтүүлэг муу, дахин төлөвлөлт удаанаас гадна хувийн хэвшлийнхэн чанаргүй, баталгаагүй бараа зарж хохироодгийг хөндсөн.

Ажлын хэсгийнхэн иргэд дулаалга, халаалт, нарны төхөөрөмж суурилуулах их зардлыг нэг дор гаргах боломж хомс учир арилжааны банкуудтай хамтарсан “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнд айл өрхүүдийг хамруулж, төрөөс зээлийн хүүгийн татаасыг хариуцах нөхцөл бүрдүүлэхэд анхаарч байгааг мэдэгдсэн. Тоног төхөөрөмжийн чанар, стандартыг сайжруулж, иргэдийг эрсдэлээс хамгаалах зохицуулалтыг давхар хийхээ илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын санаачилсан “Дулаанбаатар” аяныг цаашид гурван үе шаттай хэрэгжүүлж, дулаалгын ач холбогдол, амжилттай хэрэгжсэн төслийн туршлага, бодит үр дүнг иргэдэд сурталчилж, өрх бүрийг хашаандаа сайхан амьдрах нөхцөл боломжоор хангахыг зорьж байна. Уулзалтаар гэр, байшингийн дулаалгын үр өгөөж, нарны эрчим хүч ашиглах, илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлэх боломж, цэвэр, бохир усны бие даасан шийдэл болон хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ийн талаар иргэдэд мэдээлэл өгсөн.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн