Ерөнхий сайд Н.Учрал Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах шуурхай арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, хүний амь хохирсон эмгэнэлт явдал тохиолдсонтой холбогдуулан энэ шийдвэрийг гаргасан.
Ерөнхий сайд амиа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр баавгай хүний аминд хүрч байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж хугацаа алдах эрх байхгүйг анхааруулж, одоо байгаа хуулийн хүрээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авахыг даалгав.
Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээж, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллуулах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэхийг үүрэг болгов. Баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.
Баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэхэд шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэв. Техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг мөн үүрэг болгосон.
