Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам хоригт багтсан танкераар Орос руу түлш явсан тухай мэдээлэл батлагдвал хуулийн дагуу арга хэмжээ авна гэж мэдэгдлээ. Олон улсын хэвлэл долоо, наймдугаар сард 176 мянга гаруй тонн шатахуун тээвэрлэсэн гэж бичсэн.

Яам арилжааны дизель, тийрэлтэт хөдөлгүүрийн түлшний зарим экспорт хоригийн жагсаалтад ороогүйг онцолсон.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Кан Ю Жун хэлэхдээ, Орос, Украины дайн эхэлснээс хойш засгийн газар олон улсын нийгэмлэгтэй хамтран Москвагийн эсрэг хориг, экспортын хяналтыг хэрэгжүүлсэн гэжээ. Украин баримтаа хангалттай нягтлахгүйгээр Сөүлийн бодлогыг гуйвуулсан мэдэгдэл хийхгүй байхыг тэрбээр хүссэн.

Финланд дахь Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн шинжээч Исаак Леви Европын холбооны хоригт байгаа танкерууд Өмнөд Солонгосын боомтоос шатахуун аваад Орос руу явсан гэхээр гайхмаар гэж хэлсэн. Энэ нь хоригийн үр нөлөөг сулруулж, Өмнөд Солонгосын Украинд үзүүлэх дэмжлэгийг үгүйсгэнэ гэж тэрбээр үзжээ.

Өмнөд Солонгос Украинд хүмүүнлэгийн тусламж, байлдааны бус техник өгдөг. 2023 онд тусламж 2.3 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд ихэнх нь зээл байжээ. Дайны хугацаанд Сөүл Украинд туслахын зэрэгцээ Оростой харилцаагаа хадгалахыг хичээж байгаа. ОХУ ч Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах хүсэлтэйгээ илэрхийлсээр ирсэн.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн