Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын эвсэл Йемений зэвсэгт хүчинд “Ансар Аллах” хөдөлгөөн буюу хуситуудын эсрэг шуурхай дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэж эвслийн албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Турки аль-Малики мэдэгджээ.

Тэрбээр эвслийн нэгдсэн хүчний командлал Йемений зэвсэгт хүчинд бүрэн хэмжээний шуурхай дэмжлэг үзүүлсээр байгааг хэлэв. Хууль ёсны засгийн газар болон Йемений ард түмний талд зогсож, төрийн эргэлтэд цэг тавьж, төрийн болон үндэсний институцүүдийг сэргээхэд тууштай байхыг онцолжээ.

Аль-Малики хусит босогчид Саудын Арабын Мекка, Медина зэрэг хотууд, мөн Улаан тэнгисийн өмнөд хэсэг болон Баб-эль-Мандебын хоолойгоор өнгөрөх худалдааны хөлөг онгоц руу санаатай, системтэй халдах оролдлого хийж байна гэж буруутгав. Энэ нь хаант улсын аюулгүй байдал, бүрэн эрхт байдлыг хамгаалах, хуситуудын дайсагнасан үйлдлийг зогсоох арга хэмжээ авахыг шаардаж байна гэж тэрбээр хэлжээ. Саудын Араб бүрэн эрхт байдлаа хамгаалах, бүлэглэлийг тогтоон барих шуурхай арга хэмжээ авах бүрэн эрхтэй гэж онцолсон байна.

Йемений хусит босогчид болон Саудын Арабаас дэмжлэг авдаг засгийн газрын хүчний зэвсэгт мөргөлдөөн 2014 оны наймдугаар сараас хойш үргэлжилж байна. Өнгөрсөн долоодугаар сард босогчид Саудын Арабын эсрэг далайн бүслэлт зарласны дараа тус улсад харьяалагддаг нефть тээвэрлэгч хэд хэдэн хөлөг онгоц руу довтлоод байв.

Наймдугаар сарын эхээр “Ансар Аллах” Йемений баруун өмнөд нутагт давшилт эхлүүлж, есдүгээр сард Моха боомт хот болон Баб-эль-Мандебын хоолойд хүрдэг бүс нутгийг хяналтдаа авчээ. Ерөнхийлөгчийн удирдах зөвлөлийн дарга Рашад аль-Алими аравдугаар сарын 4-нд хуситуудын хяналтад орсон газар нутгийг чөлөөлөх өргөн хүрээний цэргийн ажиллагаа эхэлснийг зарласан байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн