Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын 6 дугаар улс төрийн зөвлөлдөх уулзалт 2026 оны аравдугаар сарын 2-нд Канберра хотноо болов.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, боловсрол, аялал жуулчлал, иргэд болон консулын чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэв. Түүнчлэн ирэх онд Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, бизнесийн болон соёл, урлагийн арга хэмжээний талаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газраас Сидней хотод Ерөнхий консулын газар нээх шийдвэр гаргасан нь хоёр улсын иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлэх, консулын үйлчилгээний хүртээмжийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцлон тэмдэглэв. Энэ уулзалтаар хоёр тал Монгол, Австралийн харилцааны түвшнийг шат ахиулж “Иж бүрэн түншлэл”-д хүргэхийг баталгаажуулж, холбогдох баримт бичгийн төслийг эцэслэн тохиролцов.

Мөн үеэр талууд олон улс, бүс нутгийн нөхцөл байдал, тэр дотор эрчим хүчний зах зээлд тулгарч буй нийтлэг сорил бэрхшээлийн талаар дэлгэрэнгүй ярилцахын зэрэгцээ НҮБ болон олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов. Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй төлөөлөгчид Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны дэргэдэх Гамшигтай тэмцэх шуурхай удирдах төв болон Дипломат академиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, австралийн талаас ГХХЯ-ны Нарийн бичгийн дарга орлогч Мишээл Чан нар тус тус тэргүүлж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд, Австралийн ГХХЯ-ны Өмнөд болон Төв Азийн асуудал хариуцсан Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Сара Стори, Туслах нарийн бичгийн дарга Шон Стармер, Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам, Худалдаа, хөрөнгө оруулалтын комисс, Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төв зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцов.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн