Гаитид энэ оны нэгдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 11 хүртэл зэвсэгт бүлэглэлүүдийн хүчирхийлэл болон тэдний эсрэг явуулсан ажиллагааны үеэр 5700 гаруй хүн амиа алдаж, шархадсан тухай НҮБ мэдээлжээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Тюрк хэлэхдээ, энэ хугацаанд 230 гаруй хүн хулгайлагдсан, ойролцоогоор 1000 эмэгтэй, охин хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон гэжээ. Бодит тоо үүнээс хавьгүй өндөр байх магадлалтайг тэр онцолсон байна.

Нийт хохирогчдын талаас илүү хувь нь зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг явуулсан аюулгүй байдлын ажиллагааны үеэр хохирчээ. Мөн олон зуун хүн төөрсөн сум болон тэсрэх төхөөрөмж бүхий дроны халдлагад өртсөн байна. НҮБ-ын мэдээлснээр бүлэглэлүүд шинэ газар нутаг, гол тээврийн замуудыг хяналтдаа авахыг зорьж байгаа нь улсын тогтвортой байдалд заналхийлж байна.

Хүүхдийг зэвсэгт бүлэглэлд элсүүлэх явдал бараг гурав дахин нэмэгджээ. Олон хүүхдийн хувьд бүлэглэлд нэгдэх нь амьд үлдэх цорын ганц арга мэт болсон гэж Тюрк хэлсэн байна.

Гаити 2016 оноос хойш анх удаа ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг арванхоёрдугаар сарын 13-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Гэвч өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл энэ онд шударга, найдвартай сонгууль явуулах боломж бүрдэх эсэхэд эргэлзээтэй гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар мэдэгджээ.

Зэвсэгт бүлэглэлүүдийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор олон улсын цагдаагийн хүч 2025 оноос Гаитид ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч бүлэглэлүүдийн хяналтад байгаа бүс нутагт нэвтрэхэд хүндрэлтэй хэвээр байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн