Киргизэд болсон дуудлага худалдаагаар “Арашан” үүлдрийн хонь нэг сая ам.долларын үнэд хүрсэн талаар тус улсын нийгмийн сүлжээнд мэдээлжээ.
Киргизийн Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр, үүлдэр угсааг сайжруулах сэдэвт фестивалийн үеэр зохион байгуулсан дуудлага худалдаанд Киргиз, ОХУ, Казахстан, Узбекистан, Тажикистаны фермерүүд оролцсон байна.
Нэг сая ам.долларын үнэд хүрсэн хонь нь Франкель нэртэй хонины үр төл аж. Франкелийг 2023 онд Казахстанд 150 мянган ам.доллароор зарж байсан бөгөөд Киргизийн Талас мужийн өндөр уулын бүсэд өсгөн үржүүлдэг гэж мэдээлэв.
“Арашан” үүлдрийг гиссар болон киргизийн бүдүүн ноост хонийг эрлийзжүүлэн, мах-өөхний чиглэлээр гаргаж авсан бөгөөд 2021 онд Киргизэд албан ёсоор бүртгэжээ. Том биетэй, хурдан өсөлттэй, өндөр уул болон тал хөндийн хатуу нөхцөлд дасан зохицох чадвартайгаараа онцлог байна.
Киргизийн Хөдөө аж ахуйн яам энэ оны гуравдугаар сард уг үүлдрийн хонийг дуудлага худалдаа болон биржээр борлуулах журам боловсруулжээ.
