УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо есдүгээр сарын 23-ны хуралдаанаараа Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичиг болон “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг хэлэлцэн дэмжлээ.
Сангийн сайд З.Мэндсайханы танилцуулснаар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан жилийн 1.1 хувийн хүүтэй, 158.284 тэрбум иен хүртэлх зээл олгохоор төлөвлөжээ. Зээлийн үндсэн төлбөрөөс эхний 10 жилд чөлөөлөх нөхцөлтэй байна.
Төслийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг 81.9 мянган ам метрээр өргөтгөж, 2034 онд ашиглалтад оруулахаар тооцсоныг Засгийн газрын төлөөлөл мэдээлэв.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд өргөтгөлийн хэмжээ, төслийн хугацаа, орон нутгийн нислэгийн саатал болон агаарын тээврийн бусад асуудлаар нэмэлт мэдээлэл авах санал гаргажээ. Байнгын хорооны дарга Б.Заяабал шаардлагатай бол ажлын хэсэг байгуулах чиглэл өгсөн байна.
Санал хураалтад оролцсон гишүүдийн 59.4 хувь гэрээний төслийг дэмжжээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
