Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Туркийн Хуурай замын цэргийн командлалын штабын дарга, дэслэгч генерал Федай Үнсалтай уулзаж, хил хамгаалах салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ.
Монголын тал хил хамгаалах алба хаагчдыг Туркт сургаж мэргэшүүлэх, хүний нөөцийг бэлтгэх болон харилцан туршлага солилцох сонирхлоо илэрхийлэв.
Федай Үнсал хоёр улсын хилийн урт харилцан адилгүй ч хил хамгаалалтад тулгардаг асуудал төстэйг тэмдэглэж, дээд түвшний айлчлал, техникийн хамтын ажиллагаа болон чадавхжуулах сургалт зохион байгуулах боломжтой гэж мэдэгдлээ.
Талууд хил хамгаалалтад дэвшилтэт техник, хиймэл оюунд суурилсан программ хангамж, мэдээллийн систем нэвтрүүлэх туршлага солилцохоор тохиролцов. Мөн ХХЕГ-ын алба хаагчдыг дунд хугацааны болон мэргэжил олгох сургалтад үе шаттай хамруулах саналд нэгдсэн байна.
