УИХ-ын гишүүн Ганзоригийн Тэмүүлэн 2026 оны есдүгээр сарын 22-нд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож, Засгийн газрын гишүүний тангараг өргөлөө. Тэрбээр олон улсын харилцаа, гэрээний эрх зүйн мэргэжилтэй, төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй.

Боловсрол, ажлын гараа

Г.Тэмүүлэн 1981 онд Архангай аймгийн Ихтамир суманд төржээ. Австралийн Канберра хотын Диксон коллежид суралцаж, АНУ-ын American University-д олон улсын харилцааны бакалавр, олон улсын удирдлагын магистрын боловсрол эзэмшсэн байна.

Тэрбээр 2006 оноос Ашигт малтмал, газрын тосны газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллажээ. Улмаар төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал, “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Уул уурхайн дэд сайдаар ажилласан туршлагатай.

УИХ дахь ажил

Г.Тэмүүлэн 2016 оноос УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон. Тэрбээр 2022–2024 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар, 2024 оноос Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байв.

Шинэ сайд хууль сахиулах байгууллагын хариуцлага, хүний эрхийн хамгаалалт, дотоод хяналт болон иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шинэчлэлийг хариуцан ажиллахаар болж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн