БНСУ-ын төрийн байгууллагууд болон орон нутгийн захиргааны байгууллагуудын эсрэг кибер халдлага энэ оны эхний долоон сард эрс нэмэгдсэн байна.

Тус улсын 44 төв байгууллага, 17 орон нутгийн захиргааны байгууллагын системд нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл 1.57 тэрбум сэжигтэй халдлага бүртгэжээ. Энэ нь өдөрт дунджаар 7.4 сая кибер халдлагад өртдөг гэсэн үг бөгөөд 2025 оны нийт үзүүлэлтээс 33 хувиар өндөр байна.

Шалгалтын дараа эдгээрээс 353,748-ыг бодит кибер халдлага гэж тогтоожээ. Үүний 90 орчим хувь нь төв засгийн газрын байгууллагуудыг чиглэсэн байна.

Энэ мэдээлэл гарснаас хэдхэн хоногийн өмнө Хятадаас гаралтай гэж үзэж буй нэгэн хакер зургаан хоногийн дотор БНСУ-ын 88 төрийн байгууллага, 20 гаруй компанийн системд нэвтэрсэн гэж мэдэгдсэн байна. Тэрбээр хувийн, санхүүгийн болон цэргийн мэдээлэл хулгайлсан гэжээ. Гэхдээ Өмнөд Солонгосын эрх баригчид уг мэдээллийн цар хүрээг одоогоор бүрэн баталгаажуулаагүй байна.

Төрийн байгууллагууд кибер халдлагын талаар Үндэсний тагнуулын албанд мэдээлдэг бөгөөд гэмт хэргийн шинжтэй тохиолдолд цагдаа, прокурорт ханддаг байна.

Үүний зэрэгцээ хувийн компаниудын эсрэг халдлага ч нэмэгджээ. “Coupang”-ийн 33.7 сая, “Lotte Card”-ын 2.97 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан бол “KT” болон “TVING” зэрэг компанид мөн кибер халдлага гарсан байна.

БНСУ энэ сарын 11-нд мэдээлэл хамгаалах хуулиа чангатгаж, санаатай үйлдэл болон ноцтой хайхрамжгүй байдлаас үүдсэн томоохон, давтан мэдээллийн зөрчилд компанийн нийт орлогын 10 хүртэлх хувьтай тэнцэх торгууль ногдуулах боломжтой болгожээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн