Хойд Солонгос Ням гаригт (2026.09.20) зүүн эргээсээ хоёр богино тусгалын баллистик пуужин харважээ. Энэ нь тус улс долоо хоног орчмын хугацаанд хийсэн хоёр дахь удаагийн пуужингийн туршилт болж байна.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, эхний пуужинг орон нутгийн цагаар 15:00 цагийн орчимд Вонсан орчмоос харвасан байна. Пуужин ойролцоогоор 450 км ниссэн бөгөөд “Хвасон-11” загварын пуужин байж болзошгүй гэж үзэж байна.
Үүнээс гурван цагийн дараа буюу 17:50 цагийн орчимд Хойд Солонгос дахин нэг богино тусгалын пуужин харвасан байна. Хоёр дахь пуужин 600 гаруй км ниссэн гэж Өмнөд Солонгосын тал мэдээлжээ.
Японы Батлан хамгаалах яам мөн эхний пуужинг баллистик пуужин байсан гэж үзэж байгаа бөгөөд тус улсын эдийн засгийн онцгой бүсээс гадна унасан байна.
Мөн өдөр АНУ-ын тагнуулын байгууллагуудтай хамтран пуужингийн туршилтын талаарх мэдээллийг эхнээс нь хянасан гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын холбоо мэдэгджээ. Түүчнлэн Япон улсад мэдээлэл өгсөн гэж онцолсон байна.
Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгосын пуужингийн туршилтыг буруутгаж, нэн даруй зогсоохыг шаардсан байна. Мөн уг туршилт нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж байна гэж мэдэгджээ.
Япон улс Бээжин дэх дипломат сувгаараа дамжуулан Хойд Солонгост эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Японы Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүми Хойд Солонгосын пуужингийн туршилтууд нь Япон, бүс нутаг болон олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгджээ.
Хойд Солонгосын пуужингийн туршилт АНУ, Өмнөд Солонгос, Япон хамтарсан цэргийн сургуулилт хийсний дараа болж буй. Тус сургуулилт наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 10-ны хооронд Гуамын ойролцоо болсон юм.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон өнгөрсөн долоо хоногт АНУ тэргүүтэй цэргийн сургуулилтууд Солонгосын хойгийн нөхцөл байдлыг улам хурцатгаж байна гэж буруутгажээ. Тэрбээр мөн цөмийн зэвсгийн арсеналаа бэхжүүлэх бодлогоо өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө Хойд Солонгос цөмийн хөтөлбөрийнх нь эсрэг гаргасан НҮБ-ын цөмийн асуудал хариуцсан байгууллагын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.
