СӨҮЛ, 2026 оны есдүгээр сарын 21 /Reuters/. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож, Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумтай дээд хэмжээний уулзалт хийхээр есдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд АНУ, Мексикт айлчтлна гэж Хөх ордноос даваа гарагт мэдээлэв. Тэрбээр мөн НҮБ-ын чуулганы үеэр АНУ, Австрали болон бусад орны удирдагчидтай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийхээр төлөвлөж буй уулзалт нь өнгөрсөн онд холбоотнуудын байгуулсан худалдааны хэлэлцээрийн хүрээнд Өмнөд Солонгосоос АНУ-д хийх 350 тэрбум ам.долларын багц хөрөнгө оруулалтын нарийн ширийн асуудлаар Сөүл, Вашингтон хэлэлцээ хийж буй үетэй давхцаж байна.

Өмнөд Солонгосын Засгийн газар хоёр талын хэлэлцээний явцын талаар парламентын гишүүдэд өнгөрсөн долоо хоногт хийхээр товлосон танилцуулгаа хойшлуулсан хэдий ч яриа хэлэлцээ үргэлжилж байгааг  тус улсын албаны хүмүүс мэдээлжээ. 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлснээр, Ли Жэ Мён мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх бөгөөд НҮБ-ыг шинэчлэх асуудлаар байр сууриа илэрхийлэн, Солонгосын хойгт энх тайвнаар зэрэгцэн орших талаарх үзэл баримтлалаа танилцуулах аж. Тэрбээр мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриштэй уулзахаар төлөвлөжээ.

Ли Жэ Мён лхагва гарагт Мехико хотод хүрэлцэн очиж, пүрэв гарагт Шейнбаумтай уулзана. Уулзалтын дараа хоёр улсын төрийн тэргүүн нар хамтарсан хэвлэлийн хурал хийж, харилцан ойлголцлын хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно гэж түүний Тамгын газраас мэдээлжээ.

БНСУ худалдаа, эрчим хүч, сансар судлал болон соёлын салбарт Мексиктэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлжээ. Мексик нь Өмнөд Солонгосын K-pop урсгалын хамгийн том зах зээл юм. Түүнчлэн Мексик улс зэвсэгт хүчнээ шинэчилж байгаатай холбогдуулан батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэж Өмнөд Солонгосын эрх баригчид үзэж байгаа ажээ. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн