“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг намрын баяр “Номын баяр” эхэллээ.

Тус байгууллагаас жил бүрийн хавар, намар энэхүү үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд 20 дахь намартайгаа золгож байна. 20 жилийн түүхтэй энэхүү номын баяр 40 дэх удаагаа болж байгаа нь энэ юм. “Номын баяр”-т 300 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгч, номын борлуулагчид оролцож байна. Гурван өдөр үргэлжлэх “Номын баяр”-ын үеэр уламжлал ёсоор зохиолч, орчуулагчид уншигчидтай уулзах, шинэ номын нээлт хийх, гарын үсэг зурах өдөрлөг, номын үзэсгэлэн худалдаа зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах аж. Үндэсний номын баяр нь уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохиолч, уншигчдыг ойртуулах, ном хэвлэлийн салбарыг дэмжих зорилготой томоохон соёлын эвент юм. Тиймээс зөвхөн нийслэлийнхэн гэлтгүй орон нутгаас ч энэхүү баярыг хүлээж, зорин ирдэг болсон билээ.

Энэ удаагийн “Номын баяр”-аар “Либро сувд” утга зохиолын агентлагаас Японы зурагт номын алдартай зохиогчид Хоса Сачиёо, Ито Хироши, Малайзын Куала Лумпурт болсон Олон улсын хэвлэн нийтлэгчдийн хурлаас 2026 оны “Хэвлэлийн салбарын инновац” шагнал хүртсэн БНЭУ-ын Тамил Наду мужийн Aazhi Publications-ийн захирал С.Сэнтил Натан, Номын соёлын сан, Уншлагыг дэмжих иргэдийн хөдөлгөөний ерөнхий захирал Ан Чан Сү, Номын соёл сангийн менежер Ким Хюмбин, “Nami Island Arts & Education” корпорацын гүйцэтгэх захирал, IBBY Trust-ын Удирдах зөвлөлийн гишүүн Фрэд Минн, Бээжингийн номын үзэсгэлэнгийн зөвлөх, 2008-2012 оны IBBY-ын ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны байнгын гишүүн, Хүүхдийн зохиолч Жан Минжөү, Түрэг соёл судлалын олон улсын байгууллага (ТҮРКСОЙ)-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Киргизийн ардын уран зохиолч, Утга зохиолын олон улсын шагналт Султан Раев нарын хүндэт зочид ирсэн байна. 

Ташрамд дурдахад, “Либро сувд” утга зохиолын агентлагаас Бээжингийн номын үзэсгэлэнгийн зөвлөх, 2008-2012 оны IBBY-ын ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны байнгын гишүүн, хүүхдийн зохиолч Жан Минжөүгийн “Амтат өндөг” нэртэй номыг албан ёсны зөвшөөрөлтэй монгол хэлээр хэвлүүлэн 40 дэх удаагийн “Номын баяр”-аар уншигчдын хүртээл болгож байна. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн