Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 4 га талбайд 712 айлын орон сууцны барилга барих төслийн тухай хэлэлцлээ.

Төсөл нь нүүрсхүчлийн хийн ялгарал бага, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байх зорилго агуулж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тогтвортой дэд бүтцийн салбар хариуцсан захирал Харри Бойд-Карпентер тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ энэ тухай ярилцаж, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах санал солилцжээ.

Талууд хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргах, цаашдын бодит боломж, шинэ санаачилгыг дэвшүүлж, Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх төсөл, хөтөлбөрийг дэмжихээ илэрхийлсэн байна. 

Б.Мөнхбат Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, урт хугацаанд тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлж буй ЕСБХБ-ны хамт олонд талархал илэрхийлээд, хамтын ажиллагааны саналаа дэвшүүлэв.

ЕСБХБ тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, ногоон санхүүжилтийн механизм, хотын дэд бүтцийн төслийн талаарх туршлагаа хуваалцжээ. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн